Шүүхийн шийдвэрийн хураангуй
  • 2024-09-26 Шүүхийн академи

    1971 онд нэхэмжлэгчийг 5 настай байхад түүний гэрт ирж номлол айлддаг байсан сүмийн туслах номлогч нь тухайн жилд нийт 2 удаа бэлгийн хүчирхийлэл үйлджээ. Нэхэмжлэгч нь бэлгийн хүчирхийллийн улмаас үүссэн сэтгэл санааны хохирлыг хожим буюу 2020 онд тухайн сүмийн одоогийн хамба (bishop)-аас гаргуулахаар шүүхэд хандсан байна. Хариуцагчийн зүгээс гэм хор учруулсан этгээд болон хариуцагчийн хооронд ажилтан, ажил олгогчийн харилцаа үүссэн байх шаардлагатай боловч тухайн үед номлогч нь сүмийн албан ёсны ажилтан бус туслах номлогч байсан бөгөөд энгийн ажлын цагийн хуваариар ажилладаггүй байсан гэж маргасан. Мөн гэм хор учруулсан этгээд нь нэхэмжлэгчийн гэр бүлтэй номлогчийн хувиар бус хувь хүнийхээ үүднээс найз нөхдийн харилцаа үүсгэсэн байсан ба энэхүү нөхөрлөлийн харилцааг ашиглан, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, түүнчлэн нэхэмжлэгчийн сэтгэл санааны гэмтэл нь зөвхөн номлогчийн үйлдлээс болж үүссэн гэдгийг нотлох боломжгүй хэмээн маргажээ.

    дэлгэрэнгүй
  • 2024-09-25 Шүүхийн академи

    Шүүгдэгч нь ашигт малтмал хайх, ашиглах, олборлох тусгай зөвшөөрөлгүй хэр нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэл хугацаанд хутгагч шанагатай “Хьюндай” загварын экскаватор, гар хийцийн алт угаах төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг “Сангийн гол” гэх ойн сан бүхий газарт алт олборлох үйл ажиллагааг хууль бусаар явуулсны улмаас байгаль орчинд 9.132.277 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    дэлгэрэнгүй
  • 2024-09-20 Шүүхийн академи

    Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “З” ХХК-д холбогдуулан хууль ёсны тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуул хийх ажилд саад болж буй зөвшөөрөлгүй барьсан үйлдвэрийг нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

    дэлгэрэнгүй
  • 2024-09-06 Шүүхийн академи

    Б аймгийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдааны  2022 оны 10/03 дугаар тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргын үйл ажиллагаанд тавих хяналтын чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн хэмээн үзэж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай саналыг хэлэлцүүлэхээр нэр бүхий төлөөлөгчдөөс оруулсныг хуралдаанд оролцогчдын олонх нь дэмжсэн тул 
    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.22, 48 дугаар зүйлийн 48.23 дахь заалтыг үндэслэн Хурлын даргыг  үүрэгт ажлаас нь огцруулсан. 

    Нэхэмжлэгч нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг холбогдох хуульд заасан хугацааны өмнө урьдчилан бэлтгэж, танилцуулах үүргээ биелүүлээгүй байхад төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан нь буруу” гэж; хариуцагчаас “сумын иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэхэд тухайн хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгаж хэлэлцсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд тухайн асуудлыг олонхын саналаар баталсан тул маргаан бүхий 10/03 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй” гэж тус тус маргажээ. 

    дэлгэрэнгүй
  • 2024-08-29 Шүүхийн академи

    Нэхэмжлэгч Т нь хариуцагч “Э ” ХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн   болохыг   тогтоолгож,   урьд   эрхэлж   байсан   ажилд   эгүүлэн тогтоолгох,   ажилгүй   байсан   хугацааны   цалин   хөлстэй   тэнцэх   хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн дэвтэрт нөхөн бичүүлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргасан.  Нэхэмжлэгч  нь    “...  бэлгийн  дарамт  үзүүлсэн  сахилгын ноцтой зөрчил гаргасныг нотлоогүй байхад Ёс зүй ашиг сонирхлын хорооны дүгнэлтийг  үндэслэн  ажлаас  чөлөөлсөн  нь  хууль  бус...”  гэж,  хариуцагч  нь“... ажилтан Т нь Хөдөлмөрийн гэрээний 4.5.13-т заасан ажилтанд бэлгийн дарамт үзүүлсэн буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан нь ажилтан Г болон Т нарын камерын бичлэг,   хоорондоо харилцсан цахим захидал, гэрчүүдийн мэдүүлгээр болон Ёс зүй ашиг сонирхлын хорооны 01 тоот дүгнэлтээр тогтоогдсон..., ...хууль зөрчөөгүй, гүйцэтгэх захирлын ... тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй” гэж тус тус маргажээ.

    дэлгэрэнгүй
  • 2024-08-01 Шүүхийн академи

    Нэхэмжлэгч “С” ХХК нь “...Э нь 2023.06.27-ны өдөр тавилга хийлгэхээр тохиролцсон, ...захиалгын дагуу зураг төслийг үзүүлж, түүний зөвшөөрснөөр тавилга хийгдсэн, гал тогооны, үүдний болон хүүхдийн өрөөний шкаф гээд нийт 12,824,000 төгрөгийн тавилга хийсэн бөгөөд үүнээс хүүхдийн өрөөний 4,306,000 төгрөгийн үнэтэй шкафыг таалагдахгүй байна гэж буцаалт хийлгүүлж, бусад тавилгыг хүлээн авсан. Гэтэл захиалагч нь манай компаниас илүү мөнгө нэхэж, энэ нэхэмжилсэн мөнгийг өгөхгүй бол танай байгууллагын нэр хүндэд халдана гэж сүрдүүлж эхэлсэн. 2023.08.10-аас эхэлж янз бүрийн сөрөг постуудыг өөрийнхөө Э гэсэн фейсбүүк хаягаас олон нийтэд түгээж эхэлсэн. Сүүлд хийсэн 19-ний өдрийн нийтлэлийг нь 22 хүн үзэж, 34 сөрөг сэтгэгдэл бичигдэж, 6 удаа хуваалцсан, ...энэ нь манай компани руу чиглэсэн гэдгийг олон нийт мэдсэн ба дээрх 34 сөрөг сэтгэгдлээс үзэхэд ажил хэргийн нэр хүндэд халдаж байна...” гэсэн агуулгаар үндэслэлээ тайлбарлаж, компанийн нэр хүндийг гутааж, олон нийтээр шүүлгэн жигшүүлэх зорилгоор хууль бусаар, худал ташаа мэдээлэл түгээсэн буруутай этгээд болох Э-р мэдээлэл тараасан арга хэрэгсэл, хэлбэрээр уучлалт гуйхыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

    Хариуцагч Э нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...өөрийн ашигладаг Э гэсэн фейсбүүк цахим хуудсаар нэхэмжлэгч ”С” ХХК-д хандаж мэдээлэл тавьсан. Гэхдээ ”С” ХХК гэж нэрийг нь огт бичээгүй. Сөрөг сэтгэгдэлд хариу өгөөгүй. Харин ”С” ХХК-ийг хурдан хугацаанд тавилгаа засаж янзлаад өгөх байх гэсэн зорилготойгоор өөрийн фейсбүүк цахим хуудсаар мэдээлэл тавьсан, миний буруу байхгүй, чанаргүй тавилга хийж өгсөн, одоо учраа олсон...Уучлалт гуйх үндэслэлгүй” гэсэн агуулгатай тайлбар гаргаж, маргасан байна. 

    дэлгэрэнгүй
  • 2024-07-26 Шүүхийн академи

    Хариуцагч нь 2011 оны дугаар захирамжаар нэхэмжлэгчид Баянголын аманд, 1000 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлэх эрхийг 15 жилийн хугацаагаар олгосон бөгөөд ийнхүү эрх олгосноос хойш уг газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэж үзэн “газар эзэмших гэрээний үүргийг хүндэтгэн 
    үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.  

    Нэхэмжлэгчээс “... бусдын хууль бус үйлдлийн улмаас тухайн газарт нэвтэрч орох, гарах боломжгүй байсан, энэ талаар гаргасан өргөдлүүдийг хариуцагч тус тус шийдвэрлэж байгаагүй, хариуцагч шийдвэр гаргахаас өмнө сонсох ажиллагаа явуулаагүй” гэж, харин хариуцагчаас “... газар эзэмших эрхтэй болсноос хойш 11 жил ашиглаагүй, газар эзэмших эрхийн нөхцөлийг удаа дараа зөрчсөн” гэж тус тус маргажээ.

    дэлгэрэнгүй
  • 2024-07-19 Шүүхийн академи

    Шүүгдэгчид оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн хугацааг Өршөөлийн тухай хуулийг баримтлан зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих тухай прокурорын дүгнэлтийг анхан болон давж заалдах шатны шүүх татгалзсан байна.

    дэлгэрэнгүй
  • 2024-06-26 Шүүхийн академи
    Нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2017-2019 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нараас хяналт шалгалт хийж, нийт 62,209,171,287 төгрөгийн татвар нөхөн ногдуулсан ба Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаар тогтоолоор 31,087,206,112 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгосон.
    Хариуцагч татварын улсын байцаагч нараас “... 2019 оны 7, 8 дугаар сарын ашигт малтмал ашигласны төлбөрийг жишиг үнийн аргаар тооцож, тайлагнана, Засгийн газрын тогтоолд 2019 оны 3 дугаар улирлын тайланд энэ журмыг баримтална гэж хэрэгжих хугацааг шууд заасан тул татвар төлөгч 2019 оны 3 дугаар улирлын тайланг баталсан маягтын дагуу өссөн дүнгээр тайлагнана, 3 дугаар улиралд 7, 8, 9 сар хамрагдана” гэж, нэхэмжлэгч хуулийн этгээдээс “Засгийн газрын тогтоол гарсан үеэс эхлэн дагаж мөрдөх тул 9 дүгээр сард гарсан тогтоол 7, 8 дугаар сард үйлчлэхгүй, тухайн үед үйлчилж байсан журмын дагуу гэрээний үнээр буюу 2014 оны 220 дугаар тогтоолоор төлбөрийг тооцно” гэж маргаан үүсгэв.
    дэлгэрэнгүй
  • 2024-06-19 Шүүхийн академи
    Өөрийн охины нэр дээр 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Боловсрол- хүүхдийн ирээдүйн хадгаламжид данс нээлгэжээ. Ингэхдээ ээж нь хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн байна. Гэвч охины эцэг, эх нь 2019 оны 04 дүгээр сарын 28 болон 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд нас барсан. 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр банкнаас хадгаламж эзэмшигчид мэдэгдэлгүйгээр дансанд нь байсан 21,249,500 төгрөгийг талийгаач нарын тухайн банкнаас авсан зээлийн төлбөр болгон суутгаж авсан байна. Ийн суутгасан нь хууль бус хэмээн дүгнэж уг мөнгийг банкнаас гаргуулахаар шийдвэрлэсэн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Улсын дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр хэвээр байх2 тул хадгаламжаас мөнгө суутгасан 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс уг мөнгийг шүүхийн шийдвэрээр хадгаламж эзэмшигчид буцаан төлсөн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны хүү болох 11,981,134 төгрөгийг банкнаас гаргуулах тухай нэхэмжлэлийг хадгаламж эзэмшигчийн асран хамгаалагч шүүхэд гаргажээ. Хариуцагч банкны зүгээс “банк болон талийгаачийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дууссанаар энэхүү зээлийн гэрээний барьцааны зүйл болох хадгаламжаас 21,249,500 төгрөгийг суутгасан боловч шүүхийн шийдвэрээр буцаан олгуулахаар шийдвэрлэсний дагуу банк мөнгийг төлсөн, хүүхдийн асран хамгаалагч нь хадгаламжийн хамтран эзэмшигчийн хувьд хадгаламжийн гэрээг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр цуцалж, үлдэгдэл мөнгийг авснаар гэрээ дуусгавар болсон тул уг хугацаанаас хойш хүү шаардах эрхгүй...” гэж маргасан байна.
    дэлгэрэнгүй
  • 2024-06-21 Шүүхийн академи
    Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газарт бетонон хашаа суулгах үедээ урд айл болох хариуцагчийн хашаа байшингийн хэсэг нь өөрийн өмчлөлийн газарт нэвтрэн орсныг мэджээ. Ингээд нэхэмжлэгч энэ тухай хариуцагчид хэлэхэд хариуцагч нь хашаа байшингийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн хэсгийг буулган газрыг чөлөөлөхийг зөвшөөрөөгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн хашаа байшингийн хэсгийг буулгуулж газраа чөлөөлүүлэх, учирсан хохиролд 2,967,559 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан. Гэвч хариуцагчаас “2014 онд тухайн газар, хашаа, байшинг худалдаж авсан. Худалдаж авсан байшинд давхар нэмж шинэчилсэн, байшингийн анхны суурь өөрчлөгдөөгүй. Нэхэмжлэгч нь 2005 онд газар өмчлөх эрх олж авах үедээ энэ тухай мэдэх боломжтой байсан. Түүний энэ талаарх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан байна.  
    дэлгэрэнгүй
  • 2024-04-26 Шүүхийн академи
    Татварын ерөнхий газраас сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг нэхэмжлэгч хуулийн этгээдийг “төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон” зөрчил гаргасан хэмээн үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь хэсэгт зааснаар 15,000,000 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

    Нэхэмжлэгч “Манай компани маркетинг урамшууллын зорилгоор онооны урамшуулал эхлүүлсэн. Хэрэглэгч өөрийн цуглуулсан оноогоо ашиглах үед нэмэгдсэн өртгийн албан татварын баримт (НӨАТ) дээр нэмэгдэж гарах ба хэрэгжсэн үед нь татвар бодогдох ёстой. Хэрэглэгчийн оноо мөнгө хэлбэрээр үлдэж манай компани өглөг хэлбэрээр тайлагнаж байгаа нь хууль зөрчөөгүй” гэж; хариуцагчаас “2022 оны 10 дугаар сард тайлагнасан дүн, худалдан авагчийн төлсөн нийт үнийн дүн зөрүүтэйгээс борлуулалтын орлогыг тодорхойлох боломжгүй зэрэг нөхцөл байдлын улмаас Зөрчлийн тухай хуулийн
    11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь заалтын дагуу шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн” гэж тус тус маргажээ.

    дэлгэрэнгүй
  • 2024-04-01 Шүүхийн академи
    Шүүгдэгч нь Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг Тэрэлжийн шугуй гэх газар Тэрэлж голын хөвөөн дээр 19 нас 4 сар 13 хоногтой хохирогчийг 2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр батлагдсан “Архидан согтууруулахтай тэмцэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан “21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж уруу татаж согтууруулах ундааны зүйл уулгаж, орхисны улмаас хохирогч хүнд зэргийн согтолтод орж улмаар голын усанд живж, Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт холбогджээ.
    дэлгэрэнгүй
  • 2024-03-22 Шүүхийн академи
    Нэхэмжлэгч нь компанийн гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, өртөгт суурилсан менежментийн урамшуулал 17,926,416 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргасан байна.
    дэлгэрэнгүй
  • 2024-03-13 Шүүхийн академи
     Нэгэн компани “Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах тухай” хүсэлтээ Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан гаргасан боловч тус яамнаас “... Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа учир төслийг хэлэлцэн, шийдвэрлэх хүртэл зөвшөөрөл олгохыг түр зогсоосон...” гэсэн хариу өгчээ. Нэхэмжлэгч нь холбогдох хуулиар уг үйл ажиллагааг хангалттай зохицуулсан байхад Хууль зүй, дотоод хэргийн яам энэ төрлийн зөвшөөрлийг нөхцөл шаардлагыг нь хангуулан олгоход хууль тогтоомжийн зохицуулалт дутмаг, зохицуулалт шаардлагатай гэж батлагдаагүй хуулийн төслүүдийг иш татан зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэж маргажээ.
    дэлгэрэнгүй