Иргэн хуулийн дагуу хориглосноос бусад мэдээлэл авах эрхтэй тул “Оюу толгой”-н татварын мэдээллийг өгөх үүрэгтэй гэж үзэв
Туршилтаар
Хэргийн тухай товч:
Иргэн Н.Ариунболдоос Татварын ерөнхий газарт хандан ““Оюу толгой” ХХК нь байгуулагдаж, татвар төлөгчөөр бүртгүүлсэн жилээс хойш 2020 оныг хүртэл улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татварын талаарх мэдээллийг он тус бүрээр, нийт дүнгээр мэдээлэл өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргажээ.
Татварын ерөнхий газрын 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 06/1316 дугаар албан бичгээр “... Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2-т зааснаар татварын алба нь татвар төлөгчийн мэдээллийн нууцлалыг задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд зөвхөн татварын хууль тогтоомж зөрчсөн асуудлаар шалгах эрх бүхий татварын улсын байцаагч, хэрэг бүртгэгч, мөрдөгч, прокурор, шүүгчид тухайн шалгаж буй асуудлаар татварын албаны даргын шийдвэрээр танилцуулахаас бусад тохиолдолд татвар төлөгчийн мэдээллийг бусдад өгөх, задруулахыг хориглосон” гэсэн үндэслэлээр мэдээлэл өгөх боломжгүйг, мөн 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 09/42 дугаар албан бичгээр “дахин хариу хүргүүлэх үндэслэлгүй” гэж тус тус шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчээс “Мэдээлэл өгөхөөс татгалзсан Татварын ерөнхий газрын 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 09/42 дугаар албан тоотыг хүчингүй болгох, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Оюу толгой” ХХК-ийн улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татварын талаарх мэдээллийг авах иргэн Н.Ариунболдын хүсэлтийг шийдвэрлэхийг даалгуулах”-аар маргажээ.
Хуулийн хэм хэмжээ:
Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Татвар төлөгч зөвшөөрсөн, эсхүл хууль болон сонгон шалгаруулалтын шаардлагаар олон нийтэд мэдээлэх татвар төлөгчийн нэр, дугаар, төлсөн татварын мэдээлэл, статистикийн зорилгоор татварын албанд нэгтгэсэн нэгдсэн мэдээ тайлан, мэдээ энэ хуулийн 13.1-д хамаарахгүй”,
Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилд борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийн хэмжээг дараа оны 1 дүгээр улиралд багтаан нийтэд мэдээлнэ”,
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай (энэ хуулийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс /2022 оны 5 дугаар сарын 1-ээс эхлэн хүчин төгөлдөр болсонд тооцсон) хуулийн
-11 дүгээр зүйлийн 11.1-д “Иргэн, хуулийн этгээд нь хүний эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал, байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад дараах мэдээллийг энэ хуулийн 3.1-д заасан байгууллагаас авах эрхтэй”, 11.1.1-д “тухайн байгууллагын эзэмшилд байгаа бүх төрлийн мэдээ, баримт бичиг, гэрээ, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээтэй холбоотой мэдээлэл”,
-14 дүгээр зүйлийн 14.1-д “Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглоогүй мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд өгөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр:
Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10-т ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилд улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татварын талаарх мэдээллийг дараа оны 1 дүгээр улиралд багтаан нийтэд мэдээлэхээр заажээ.
Ийнхүү ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч жил бүр нийтэд мэдээлэхээр үүрэг болгосон нээлттэй мэдээлэл нь Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д зааснаар татварын албаны задруулахыг хориглосон мэдээлэлд хамаарахгүй байна.
Нэхэмжлэгчийн татварын байгууллагаас авахыг хүссэн мэдээлэл нь тухайн байгууллагын эзэмшилд байгаа, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад цуглуулсан, хуульд нийтэд мэдээлэхээр заасан мэдээлэл байна.
Энэхүү мэдээллийг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д зааснаар иргэн, хуулийн этгээд авах эрхтэй, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу татварын байгууллага иргэн, хуулийн этгээдэд өгөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Хураангуй бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 01 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago

Шүүхээр шийдвэрлэсэн захиргааны хэргийн 2017-2023 оны түүхчилсэн статистик мэдээлэл
3 weeks ago

Ep 32 | Давагдашгүй хүчин зүйл нь Зээлдэгчийг үүргээс чөлөөлөх, багасгах үндэслэл болох уу?
1 month ago

Сэжигтэн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай нийслэлийн прокурор болон мөрдөгчийн саналыг шүүх хүлээн авлаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
“Pubg mobile” тоглоомын төлбөрийн хэрэгслийг худалдан авахад насанд хүрсэн байх эсхүл асран хамгаалагчийн зөвшөөрлийг авсан байх шаардлагатай
2025-02-18
-
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-18 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-14 Сэтгүүлдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Нарангоо
2025-02-14 Магистрын ажилдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-14 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-13 Сэтгүүлдуудаж байна ! -
Дашцэрэнгийн Ариунзаяа Болдбаатарын Туяацэцэг
2025-02-13 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-13 Сэтгүүлдуудаж байна ! -
Баярбатын Мөнхцэцэг Батмандахын Өсөхбаяр
2025-02-12 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !