Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө хуульд заасан хугацаанд гаргаагүй нь өргөдлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болох уу?
Хураангуйд ашигласан шийдвэрийн мэдээлэл:
Шүүх: Улсын дээд шүүх
Огноо: 2023.02.06
Дугаар: 001/ХТ2023/0009
Хэргийн индекс: 128/2022/0445/З
Нэхэмжлэлийн шаардлага:
“М э” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан “... хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгуулах” нэхэмжлэлийг гаргасан.
Хэргийн нөхцөл байдал:
“М э” ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөр дуусгавар болохоор байсан. “М э” ХХК-аас 2022 оны 04 дүгээр сарын 05, 08-ны өдөр тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдлийг захиргааны байгууллагад гаргасан байх бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 8/2165 дугаар албан бичгээр “... хугацаа дуусахаас 1 сарын өмнө эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг гаргаагүй” гэсэн үндэслэлээр хүсэлтийн дагуу шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн байна.
Нэхэмжлэгч “М э” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ts P P нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хөрөнгө оруулалт, санхүүгийн асуудлаа шийдвэрлэхээр БНХАУлс руу явсан боловч ковидоор өвдөж, тусгаарлалтад орсон, өнөөдрийг хүртэл Монгол Улсад буцаж ирж чадаагүй ...” гэж тодорхойлон, улмаар “... тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар материалаа өгөхөд өргөдлийг аваад бусад материалыг буцаасан, хүндэтгэн үзэх шалтгаан буюу Ts P P-аас өөрөөс нь шалтгаалахгүй нөхцөл байдал үүссэн байхад түүнийг харгалзаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй ... ” гэж маргасан.
Хариуцагчаас “... нэхэмжлэгч компани нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө буюу Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан 1 сарын өмнө хугацаа сунгуулах тухай өргөдлийг гаргахаар байсан, хуулийн хугацаанд өргөдлөө гаргаагүй тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна, ... хуулийн хугацаа хоцорч өргөдөл гаргах болсон шалтгаанд гадны хүчин зүйл ... нөлөөлсөн гэж үзэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийг зөвтгөх боломжгүй ...” гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны түүх:
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн ийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Хяналтын шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл, тайлбар:
- Төрийн байгууллага, албан тушаалтан гагцхүү хуульд заасан эрхийн хүрээнд, хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулах нь “хууль ёсыг сахих” буюу “төрийн байгууллага албан тушаалтанд хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглох, иргэнд хуулиар хориглосноос бусдыг зөвшөөрөх” эрх зүйт ёсны зарчмаас эх үндэстэй, энэ тохиолдолд хариуцагчид өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрх хуулиар олгогдоогүй байна.
- Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг уг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргах үүрэгтэй боловч тогтоосон хугацаанд өргөдөл гаргаагүй бол тухайн өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрхийг захиргааны байгууллага, албан тушаалтанд олгоогүй; харин эсрэгээр өргөдлийг хүлээн авч, хуульд заасан буюу мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 (иш татсан диспозицээр 7.1), 31 дүгээр зүйлд (мөн иш татсан диспозицээр 32, 33 дугаар зүйл) заасан Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээд бөгөөд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж, зардлын доод хэмжээг зарцуулан баталгаажуулах нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, хангаагүй бол сунгахаас татгалзах эрхийг олгожээ.
- Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд сунгуулах өргөдөл гаргах нь тусгай зөвшөөрөл эзэмшиж буй этгээдийн эрх бөгөөд хариуцагчийн хувьд сунгуулах өргөдлийг хүлээн авахаас татгалзах биш, харин өргөдлийг хүлээн авч, хуулийн нөхцөл, шаардлагад нийцсэн эсэхийг хянаж, хугацааг сунгах, эсхүл хугацаа сунгахаас татгалзах шийдвэр гаргахыг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4 дэх хэсэгт тодорхой заажээ.
- Гэтэл давж заалдах шатны шүүх “... нэхэмжлэгч нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй, ... “М э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ts P P нь Монгол Улсад байхдаа тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргах, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, хүсэлт гаргах эрх олгох боломжтой байсан хэдий ч энэ эрхээ хэрэгжүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн явдалд төрийн захиргааны байгууллагыг буруутгаж болохгүй ...” гэсэн дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.
- Анхан шатны шүүх энэ талаар: “... 22 дугаар зүйлээр тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтээ 1 сарын өмнө гаргаагүй бол уг тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах, өргөдлийг хүлээн авахгүй байх эрхийг төрийн захиргааны байгууллагад олгоогүй ... аливаа этгээдээс гаргасан өргөдөл, түүнд туссан асуудал, хавсаргасан баримтуудын талаар дүгнэлт хийх энэ шийдвэрийг гаргах эрхтэй болоод үүрэгтэй байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хугацаа хэтэрсэн өргөдөлд хавсаргасан баримтыг нэг цэгийн үйлчилгээн дээр мэдээлэл лавлагааны ажилтан хүлээн авахгүй байх нь зөв гэсэн тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг зөрчсөн үйлдэл ...” гэж зөв дүгнэжээ.
- Нөгөө талаас, нэхэмжлэгчээс хуулийн дээрх хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй боловч тусгай зөвшөөрлийн хүчинтэй байхад буюу 2022 оны 04 дүгээр сарын 05, 08-ны өдөр “компанийн удирдлага ... Ts P P нь Ковид-19 цар тахлын улмаас Хятад улсад хөл хорионд орсон ...” гэсэн үндэслэл зааж тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдлийг хариуцагч захиргааны байгууллагад гаргасан бөгөөд энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож, хариуцагч талаас маргаагүй, өөрөөр хэлбэл, хуульд заасан хугацаанд сунгуулах өргөдлөө гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болохыг дурдах нь зүйтэй.
Хяналтын шатны шүүх үндэслэлдээ энэхүү маргаантай ижил, төсөөтэй маргааны шийдвэр болох Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоол, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 111 дүгээр тогтоолын дүгнэлтийг иш татсан байна.
Улсын дээд шүүхийн тогтоолыг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу
Бэлтгэсэн: Легал дата
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !