Нэхэмжлэгч захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ч шүүх захиргааны актыг хүчингүй болгох шийдвэр гаргаж болох уу?
Хураангуйд ашигласан шийдвэрийн мэдээлэл:
Шүүх: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Огноо: 2022.12.07
Дугаар: 221/МА2022/0774
Хэргийн индекс: 114/2022/0010/З
Нэхэмжлэлийн шаардлага:
“М“ ХХК-аас Дархан-Уул аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдулан:
- Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01А/164 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох;
- “М“ ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах
гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Хэргийн нөхцөл байдал:
1. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/291 дугаар захирамжаар иргэнээ 15.000 мкв газрыг “М” ХХК-д шилжүүлэн 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосныг үндэслэн, газар эзэмших эрхийн 000317731 дугаартай гэрчилгээг 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр олгож, мөн өдрөөр А-2481 дугаартай газар эзэмших гэрээг байгуулсан байна.
2. Маргаан бүхий Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01А/164 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй, газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж, нэхэмжлэгч “М” ХХК....-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.
3. Нэхэмжлэгч “М” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хугацаа 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дуусчихсан, “...газар эзэмших эрхийн хугацааг дуусгавар болохоос өмнө хугацаа сунгуулах хүсэлт гаргаж байсан боловч шийдвэрлэхгүй хариу өгөхгүй байсан. Гэтэл Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон байхад хүчингүй болгосон захирамж гаргасан нь агуулгын илэрхий алдаатай буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д зааснаар илт хууль бус акт гэж үзэж маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны түүх:
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийy шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01А/164 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг зохих журмаар шийдвэрлэхийг хариуцагч Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгаж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасан.
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, улмаар 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр болсон хяналтын шатны шүүх хуралдаанаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисон байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл, тайлбар:
1. Хэдийгээр нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1, 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгохоор гаргасан боловч нэхэмжлэлд дурдсан үндэслэлүүд нь хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын төрөлд хамаарч байвал нэхэмжлэлээ хуульд заасан хугацаанд гаргаж маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын төрлөөр гаргах нөхцөлийг хангаж байгаа тохиолдолд шүүхээс нэхэмжлэлд заасан үйл баримт, үндэслэл нь захиргааны актыг хууль бус эсэхэд дүгнэлт хийж, түүний улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх эсэхийг шийдвэрлэх нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн гэж үзэхгүй.
2. Нэхэмжлэгч “М” ХХК.... нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасан хугацаанд шүүхэд хандаж нэхэмжлэлээ гаргажээ.
3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий газар эзэмших эрхийг анх Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны А/291 дүгээр захирамжаар бусдаас шилжүүлэн авч, улмаар 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Барилгын зураг төсөл хийж гүйцэтгэх гэрээ” №15/2018, Дархан–Уул аймаг, Дархан сум Х баг, ...-р хороолол, “М” ХХК....-ийн үйлчилгээтэй 9 давхар орон сууцны зориулалттай барилгын талбайн инженер геологийн судалгааны дүгнэлт-2018 он, “М” ХХК....-ийн үйлчилгээтэй 9 давхар орон сууцны барилгын архитектур төлөвлөлтийн зураг, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 21/40 дүгээр Архитекур төлөвлөлтийн даалгавар авах зэргээр тухайн газар дээр үйлчилгээтэй орон сууц барихад шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлж байсан, баримтууд хэрэгт авагдсан байна. Мөн нэхэмжлэгч нь Дархан-Уул аймагт өөр барилгын ажлуудыг хийж гүйцэтгэн, улсын комисст хүлээлгэн өгөх ажиллагаа явуулж байгаатай холбоотой тэдгээрийн дараа барилгын ажлаа эхлүүлэх хүсэлт гаргаж, холбогдох баримтуудыг хүргүүлж байсан, тухайн хугацаанд ковид цар тахлын улмаас хөл хорио тогтоосноос барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй байсан зэргээс үзвэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзэхээргүй байна.
4. Газар эзэмших хугацаа сунгаагүй эс үйлдэхүйн тухайд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн удаа дараа гаргасан хүсэлтүүдийг үнэлээгүй, мөн газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаарх захиргааны байгууллагын сонсох ажиллагаа эхэлсэнтэй холбоотой сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх боломжтой байсан эсэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй зөвхөн 2019 онд гаргасан нэхэмжлэгчийн газар эзэмших хугацаа сунгуулах хүсэлтийг үнэлж “... хугацаа дуусахаас 10 сарын өмнө гаргасан хүсэлтийг шийдвэрлэх үндэслэлгүй” гэж дүгнэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д заасан “нотлох баримтыг тал бүрээс нь, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлнэ” гэж заасанд нийцээгүй байна.
5. Хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа хэтэрхий сунжирсны улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших гэрээнд заасан хугацаа дууссан боловч нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг хүчингүй болгохоос өмнө 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2103092 дугаар албан бичгээр /хэргийн 1 дүгээр хавтас 125 дахь тал/ дахин газар эзэмших хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан, хүсэлтүүдэд тухай бүр шийдвэрлэж хариу өгөөгүй атлаа маргаан бүхий 01А/164 дүгээр захирамжид Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших хугацаа дуусгавар болсон” гэснийг зааж, газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлд хамааралгүй “хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй” гэж дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн “... дуусгавар болсон газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл Газрын тухай хуулийн 40.1-д заагаагүй ...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
6. Харин нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд дурдсан энэхүү үндэслэлтэй холбоотойгоор маргаан бүхий захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж гомдлоо гаргасан боловч дээр дурдсан нөхцөл байдлуудаар маргаан бүхий актаар Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо уг хуулийг буруу хэрэгжүүлж, бодит нөхцөл байдалд тохироогүй, хууль бус шийдвэр гаргасан, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдсон.
Хяналтын шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхдээ “нэхэмжлэгч захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх “илт хууль бус захиргааны акт биш” гэсэн дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэгч, хариуцагчаас аль аль нь уг асуудлаар хяналтын журмаар гомдол гаргаагүй, гомдлын үндэслэлд тусгагдаагүй тул хяналтын шатны шүүхээс гомдлын хүрээнд хэргийг хянаж, нэхэмжлэлийн энэ үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийсэнгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлсон эсэх, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн эсэх талаар энэхүү тогтоол дүгнэлт хийхгүй” гэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын бүрэн эхээр нь үзэх бол энд дарна уу.
Бэлтгэсэн: Легал дата
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Шүүхийн индекс 2023 оны байдлаар 1.28 оноогоор ахисан үзүүлэлттэй байна
16 hours ago
Ep 24: Өндөр насны тэтгэвэрт гарч буй төрийн албан хаагч ба нэг удаагийн буцалтгүй тусламж (журам)
21 hours ago
"Төв банкны бие даасан, хараат бус байдал, түүний эрх зүйн зохицуулалт" сэдэвт эрдэм шинжилгээний хурал - 2021
1 week ago
Ep 23 | Хүнийг хууль бусаар хорих нь гэмт хэрэг болох нь (Өмгөөлөгчийн шалгалт)
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Зорчих эрхийг хязгаарлах бүсийг хэт өргөн хүрээнд тогтоох нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй
2024-11-01
-
Татвар төлөгч эрхийнхээ хүрээнд гаргасан хүсэлтэд үндэслэсэн хяналт шалгалтын үед тэрээр холбогдох баримт бичгийг гаргаж өгөх үүрэг заавал хүлээх үү?
2024-10-29
-
Зам дээр гэнэт гарч ирсэн адууг мөргөсөн нь жолоочийн буруу юу, адуугаа хариулаагүй малчны буруу юу?
2024-10-28
-
Балжинням Буянтогос
2024-11-01 Магистрын ажилдуудаж байна ! -
Баярцогийн Мөнхтөр
2024-10-29 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-10-29 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Баярцогт Дашням
2024-10-24 Нийтлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-10-21 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганхуягийн Давааням
2024-10-21 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Зоригтбаатарын Янжинлхам Б.Амарбаясгалан, Э.Баасанбямба
2024-10-16 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нямдоогийн Баярмаа
2024-10-16 Нийтлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-10-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Пунцагсүрэн Баярбаатар Баясгалангийн Алтангэрэл
2024-10-14 Судалгааны тайландуудаж байна !