Аудитын байгууллага “бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний зохицуулалтыг хууль тогтоомж, гэрээний бусад заалтуудад нийцүүлэн тайлбарлаж, дүгнэлт хийснийг гэрээний чөлөөт байдлын зарчмыг алдагдуулсан гэж үзэхгүй
САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: 001/ХТ2023/0015
Шүүхийн шийдвэрийн огноо: 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр
Шийдвэрийн төрөл: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн.1
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Нэхэмжлэгч хуулийн этгээд нь 1997 оны “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний үндсэн дээр гэрээт талбайд газрын тос хайх, хамгаалах, тээвэрлэх, хадгалах, борлуулах, газрын тос олборлолт, ашиглалт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үндэсний аудитын газар, Нийслэл дэх Төрийн аудитын газрын аудиторууд нэхэмжлэгчийн 2014 оны хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон өртөг нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо хуваарилалтад нийцлийн аудитыг гүйцэтгэж, “... гэрээлэгч тооцооллыг зөрүүтэй тайлагнаж, улсын төсөвт төвлөрүүлэх орлогоос дутуу төвлөрүүлсэн” хэмээн нөхөн төвлөрүүлэхээр албан шаардлага хүргүүлж, улмаар Ерөнхий аудиторын тушаалаар баталгаажуулсан байна.
Ингэхдээ “...түүхий тосыг экспортлох зориулалтаар ачилт хийж байгаа газар “экспортын цэг” бөгөөд тос, усаа ялгадаг танкфарм хүртэлх гарсан зардлыг борлуулалтын зардалд оруулан тооцохгүй, ... нэхэмжлэгч хуулийн этгээд “тайланд тусгасан зардлаа нийт дүнгээсээ хасаж багасгасан борлуулалтын үнээс нөхөх зардлаа тооцож байгаа нь буруу” гэж үзсэн бол нэхэмжлэгчээс “...манай компани цооног тус бүрийн амнаас гарсан түүхий тосыг цооногийн дэргэдэх саванд цуглуулж тэнд хэмжилт хийснээр гэрээний 8.3-т заасны дагуу бүтээгдэхүүнийг гэрээний талуудад хуваадаг, үүний дараа автомашинаар тээвэрлэн, 25 км орчим зайтай байрлах талбайд түүхий тосоо халаах төхөөрөмжөөр оруулж, тээвэрлэгч вагонд шахах ажиллагаа хийдэг бөгөөд Замын-Үүд сумын боомтод хүргэж борлуулалтыг тэнд хийдэг тул экспортын цэг, экспортын үнийг тогтоох журмыг зөрчөөгүй. манай компани түүхий тосны өртөг нөхөгдөх зардлаа зөв тооцсон аудиторууд гэрээг өөрийнхөөрөө тайлбарлаж, оролцож эхэлсэн нь хууль бус юм” гэж маргажээ.
Талууд бүтээгдэхүүн хуваах гэрээний холбогдох заалтыг хэрхэн ойлгох, тодруулбал, “экспортын цэг”2-ийг хэрхэн тодорхойлох, үүнээс улбаалан “экспортын үнэ”, “өртөг нөхөх зардал”-ыг хэрхэн тооцох талаар маргасан байна.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1. Анхан шатны шүүхээс “Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.13 дэх заалтыг зөрчих байдлаар мөн хуулийн 198 дугаар зүйлийг4 тайлбарлан хэрэглэхгүй, маргаан бүхий албан шаардлагуудад үг, үсгийн зөрүүтэй байдлууд буюу “хавсралт С” гэж бичигдсэн байгаа нь монгол хэлээр бичигдсэн гэрээний хавсралтын заалттай тохироогүй, хавсралтад “С” гэсэн дугаарлалт огт байхгүй гэхчлэн хариуцагчийн үйлдлийг шүүхээс шууд зөвтгөх боломжгүй, нэхэмжлэгчээс хүргүүлсэн саналыг хэрхэн авч үзсэн нь тодорхойгүй, нэхэмжлэгчийг анхан шатны баримтдаа тулгуурлан санхүүгийн тайлангаа үнэн, зөв гаргасан гэж үзэхэд учир дутагдалтай, зөрчлийн шинж байдал, нийцлийн аудитын дагуу тогтоогдсон асуудлыг судлан үзэж шийдвэрлэх, шалгагдагч этгээдээс гаргасан тайланг Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.15, 10 дугаар зүйлийн 10.2-т6 зааснаар Төрийн аудитын байгууллага шалгах эрх, үүрэгтэй, энэ талаар шүүх шууд тогтоон шийдвэрлэх боломжгүй” хэмээгээд шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж үзэж, маргаан бүхий актуудыг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
2. Давж заалдах шатны шүүхээс Гэрээний “экспортын цэг” гэдгийг талууд өөр өөрийнхөөрөө тайлбарлан маргасан энэ тохиолдолд хуульд нийцүүлэн тайлбарлаж хэргийг шийдвэрлэх тул шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж дүгнэх боломжгүй.
Уг “экспортын цэг” гэдэг тодорхойлолтыг талуудын гэрээг байгуулах үеийн, хүсэл зоригоо илэрхийлж байсан үеийн бодит нөхцөл байдал, гэрээний ерөнхий агуулга болон хуульд нийцүүлэн ойлгох нь зүйтэй. Тиймээс бүтээгдэхүүн хуваах гэрээний “экспортын цэг”-ийг бүтээгдэхүүний хэмжилт хийж байгаа бүтээгдэхүүнийг хуримтлуулж байгаа сав буюу “танкфарм” байх, тодруулбал гэрээний бусад нэр томьёо, холбогдох заалтуудтай харьцуулан гэрээт түүхий тосны хэмжээ болон үнэ, өртгийг тогтоох зорилгоор бүтээгдэхүүний хэмжилт хийгдэж байгаа газрыг гэж үзэх үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс “Аудиторууд төрийн аудитыг хийж, дүгнэлт гаргахдаа Монгол Улсын Засгийн газартай байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний заалтуудыг өөрийнхөөрөө тайлбарлаж эрх хэмжээгээ хэтрүүлсэн, үндэслэлгүйгээр газрын тосны бүтээгдэхүүн хуваах зардлыг буруу тооцож, төлбөр тогтоосон” гэх үйл баримт болно. Төрийн аудиторуудаас талуудын хооронд байгуулсан гэрээг өөрийн үзэмжээр тайлбарласан. Шүүхүүд Газрын тосны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.17, 33.28 дахь заалтыг хэрэглэх ёсгүй байтал хэрэглэсэн, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д9 заасныг буруу тайлбарлаж зөрүүтэй хэрэглэсэн гэсэн агуулгаар хяналтын журмаар гомдол гаргасан.
4. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна гэж магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон. Ингэхдээ дараах дүгнэлтийг хийжээ.
5. Төрийн аудитын байгууллага нь бүтээгдэхүүн хуваах гэрээгээр газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа гэрээлэгчийн батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу хийж гүйцэтгэсэн ажил, хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдөх зардлын хэмжээг Монгол Улсын хууль тогтоомж, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үнэн зөв бүртгэж, тайлагнасан эсэхийг шалган баталгаажуулах, дүнг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, олон нийтэд мэдээлэх зорилгоор аудит хийх бүрэн эрхтэй бөгөөд энэ тохиолдолд захиргааны гэрээний оролцогч талууд нь гэрээний аль нэг хэсэг, заалтыг хэрхэн ойлгож, хэрэгжүүлж ирснээс үл хамааран тухайн гэрээний зохицуулалтыг хууль тогтоомж гэрээний бусад заалтуудад нийцүүлэн тайлбарлаж, дүгнэлт хийх, тухайн дүгнэлтээ үндэслэн албан шаардлага гаргах боломжтой. Үүнийг “гэрээний чөлөөт байдлыг зарчмыг зөрчсөн” гэж үзэхгүй.
6. Хариуцагчаас бүтээгдэхүүний “экспортын үнэ” тогтоож хэмжилт хийгдэж байгаа газрыг “экспортын цэг” гэж тодорхойлж, танкфармын боловсруулалтын төвийн зардлыг борлуулалтын бус өртөг нөхөгдөх зардалд тооцсон нь үндэслэлтэй.
7. Нэхэмжлэгч экспортолсон буюу бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу ногдох газрын тосны хэмжээг тогтоохдоо ямар нэг маргаангүйгээр Зүүнбаян танкфарм боловсруулалтын төв дээрх хэмжилтийг хүлээн зөвшөөрч байгаа атлаа “талууд гэрээнд нэмж зохицуулалт хийгээгүй”, “Газрын тосны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг зөрчсөн” гэх зэрэг үндэслэлээр “экспортын цэг”-ийг “Цооногийн амны төхөөрөмжийн хэмжилт хийсэн газраар тооцно” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзжээ.
---o0o---
1. Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос: Энд дарна уу.
2. Бүтээгдэхүүн хуваах гэрээний 2.1. “Экспортын цэг” гэж гэрээт тос буюу гэрээт хийн олборлолтын хэмжилт хийх цооногийн амны төхөөрөмж, эсвэл бусад байгууламж дээрх буюу тэдгээрийн ойролцоох цэгийг хэлнэ.
3. Иргэний хууль (2002)-ийн 189 дүгээр зүйл. Гэрээний талуудын чөлөөт байдал
189.1. Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.
4. ИХ-ийн 198 дугаар зүйл. Гэрээг тайлбарлах
5. Төрийн аудитын тухай хууль (2020)-ийн- 6 дугаар зүйл. "Төрийн аудитын байгууллагын бүрэн эрх" 6.3.Төрийн аудитын байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 6.3.1.шалгагдагч этгээдэд энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх;
6. ТАтХ-ийн 10 дугаар зүйл. Нийцлийн аудит
10.2. Төрийн аудитын байгууллага шалгагдагч этгээдийн мөрдөж байгаа төрийн санхүү, төсөв, нийтийн өмчтэй холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн актын нийцэлд аудит хийнэ.
7. Газрын тосны тухай хууль (2014)-ийн 33 дугаар зүйл. Бүтээгдэхүүн хуваалт
33.1. Ашигт газрын тосыг Засгийн газар, гэрээлэгчтэй бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хуваана.
8. ГТтХ-ийн 33 дугаар зүйлийн 33.2. Ашигт газрын тосны Засгийн газарт ногдох хэмжээг хоногт олборлох газрын тосны хэмжээтэй уялдуулан бүтээгдэхүүн хуваах гэрээнд тодорхойлон заана.
9. ГТтХ-ийн 45 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
45.1.Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө буюу 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр батлагдсан Газрын тосны тухай хуулийн дагуу байгуулсан гэрээнд энэ хуулийн 17.3.1, 17.3.6-17.3.11, 30.2, 30.4, 32.2, 32,3, 33.1, 33.2-т заасан төлбөр, зардал, өртөг нөхөлт, бүтээгдэхүүн хуваалтыг тухайн гэрээнд заасан хувь, хэмжээгээр зохицуулах ба энэ хуулийн 17.3.2-т заасан нөөц ашигласны төлбөр төлөхгүй байгаа гэрээний тухайд төрийн захиргааны байгууллага гэрээлэгчтэй харилцан тохиролцож уг төлбөрийн хэмжээг тогтооно.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !