Хууль бусаар яллагдагчаар татагдсан, баривчлагдсан, саатуулагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан сэтгэл санааны хохирлыг төр хариуцан арилгана
САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: 001/ХТ2018/017591
Шүүхийн шийдвэрийн огноо: 2018 оны 12 сарын 04-ний өдөр
Шийдвэрийн төлөв: Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Нэхэмжлэгч иргэнийг 1986 онд гэмт хэрэгт холбогдуулан гэрчээр байцааж мэдүүлэг авч байсан боловч тус гэмт хэргийг гуравдагч этгээд үйлдсэн нь илэрсэн. Гэвч нэхэмжлэгчийг уг хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан тухай тогтоол шийдвэрүүдийг хүчингүй болголгүйгээр 21 жил болсон ба 139 хоног цагдан хоригдсон байна.
Нэхэмжлэгч иргэн нь цагдан хоригдсон хугацааны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240,000 төгрөгөөр тооцож 139 хоногийн цалин 960,000 төгрөг болон сэтгэл санааны хохирол нийт 500,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.
Тэрээр “гэмт хэрэгт сэжигтэн ялагдагчаар татагдсанаас болж ажилгүй болсон, хамгийн бага хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон, үр хүүхдээ харж хандаж, боловсрол эзэмшүүлж чадаагүй, нутаг орныхондоо гэмт хэрэгтэн гэж нэрлэгдэж, талийгаачийн гэр бүлийнхэн түүнтэй алуурчин гэж харьцдаг байсан, орох байх газаргүй болж хог түүж амьдарч байсан, гуравдагч этгээдийн дарамт, сүрдүүлэгт 21 жил байсан” гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан байна.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.12, 230.23, 497 дугаар зүйлийн 497.14, 498 дугаар зүйлийн 498.45, Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.76-т тус тус заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөцийн сангаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд 50,073,218 төгрөг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 960,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 500,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
2. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт “ 498.4” гэсний дараа “511 дүгээр зүйлийн 511.17,” гэсэн нэмэлт оруулж, сэтгэл санааны хохиролд 50,073,218 төгрөг нэхэмжлэгч иргэнд олгосныг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Ингэхдээ дараах байдлаар тайлбарлан шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч иргэнийг 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтнээр тооцож, 1995 оны 02 сарын 11-ний өдрөөс 02 сарын 25-ны өдөр хүртэл цагдан хорих, мөн Эрүүгийн хуулийн 200 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн оргон зайлж болзошгүй гэх үндэслэлээр 2000 оны 06 сарын 07-ны өдөр албадан саатуулж, 2000 оны 06 сарын 10-ны өдрөөс 10 сарын 06-ны өдөр хүртэл нийт 134 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
4. Иргэний хуулийн 230 дугаар зүйлд зааснаар хохирогч эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх тухай зохицуулсан.
5. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар “...эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл” гаргах эрхийг нэхэмжлэгчид олгосон байхад зөвхөн Иргэний хуульд тусгайлсан зохицуулалт байхгүй гэсэн үндэслэл зааж хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан “...иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчим”-д нийцэхгүй.
Иймээс нэхэмжлэгч иргэнд холбогдуулсан эрүүгийн хэргийн зүйл, анги, тэрээр 134 хоног цагдан хоригдсон, 21 жилийн турш сэжигтэн, яллагдагч байсан, 21 жил таслан сэргийлэх арга хэмжээтэй байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийг төсөөтэй хэрэглэж, 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар нэхэмжлэгчид учирсан хохирлыг гаргуулах нь Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.28-т нийцнэ. Энэ үндэслэлээр хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний нэмэлт оруулж, сэтгэл санааны хохирлыг тооцож олгосон байна.
-оОо-
1 Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
2 Иргэний хууль (2002)-ийн 230.1. “Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй.”
3 ИХ-ийн 230.2. “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.”
4 ИХ-ийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”
5ИХ-ийн 498.4. “Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана.”
6 Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хууль (2006)-ийн 8.3.7. “байгууллага, иргэдээс тавьсан хүсэлт болон цаг үеийн шинжтэй зарим асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах зардал.”
7 ИХ-ийн 511.1. “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ.”
8 ИХ-ийн 4.2 “Төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээ байхгүй бол тухайн харилцааг иргэний эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн зохицуулна.”
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
3 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !