Хадгаламжид байсан мөнгийг хууль бусаар суутгаснаас үүсэх хохирлыг банк хариуцна
САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол болно.
Шүүхийн шийдвэрийн1 дугаар: 001/ХТ2024/00009
Шүүхийн шийдвэрийн огноо: 2024 оны 01 сарын 04 өдөр
Шийдвэрийн төлөв: Давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Өөрийн охины нэр дээр 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Боловсрол- хүүхдийн ирээдүйн хадгаламжид данс нээлгэжээ. Ингэхдээ ээж нь хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн байна. Гэвч охины эцэг, эх нь 2019 оны 04 дүгээр сарын 28 болон 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд нас барсан. 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр банкнаас хадгаламж эзэмшигчид мэдэгдэлгүйгээр дансанд нь байсан 21,249,500 төгрөгийг талийгаач нарын тухайн банкнаас авсан зээлийн төлбөр болгон суутгаж авсан байна. Ийн суутгасан нь хууль бус хэмээн дүгнэж уг мөнгийг банкнаас гаргуулахаар шийдвэрлэсэн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Улсын дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр хэвээр байх2 тул хадгаламжаас мөнгө суутгасан 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс уг мөнгийг шүүхийн шийдвэрээр хадгаламж эзэмшигчид буцаан төлсөн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны хүү болох 11,981,134 төгрөгийг банкнаас гаргуулах тухай нэхэмжлэлийг хадгаламж эзэмшигчийн асран хамгаалагч шүүхэд гаргажээ. Хариуцагч банкны зүгээс “банк болон талийгаачийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дууссанаар энэхүү зээлийн гэрээний барьцааны зүйл болох хадгаламжаас 21,249,500 төгрөгийг суутгасан боловч шүүхийн шийдвэрээр буцаан олгуулахаар шийдвэрлэсний дагуу банк мөнгийг төлсөн, хүүхдийн асран хамгаалагч нь хадгаламжийн хамтран эзэмшигчийн хувьд хадгаламжийн гэрээг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр цуцалж, үлдэгдэл мөнгийг авснаар гэрээ дуусгавар болсон тул уг хугацаанаас хойш хүү шаардах эрхгүй...” гэж маргасан байна.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн асран хамгаалагч бөгөөд хадгаламжийн дансны хамтран эзэмшигч нь өөрөө 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хадгаламжийн дансыг хаалгасан, хадгалуулагч хэдийд ч гэрээг цуцалж, хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авах эрхтэй, дансыг хаалгаснаар хадгаламжийн гэрээний эрх, үүрэг дуусгавар болсон. Тиймээс Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 3, 454.44 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хадгаламжийн данснаас зөвшөөрөлгүй суутгасан 21,249,500 төгрөгийн 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны хадгаламжийн хүү болох 11,981,134 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн хадгаламжийн данснаас 21,249,500 төгрөгийг зөвшөөрөлгүй суутгасны улмаас мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу авах ёстой хүүг авч чадахгүй хохирсон гэх үндэслэл хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 5 дэх хэсэг, 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хохирол шаардах эрхтэй хэмээн үзэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.
3. Хариуцагч талаас “...Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12.46, 12.77, 14.2.38-т болон мөнгөн хадгаламжийн гэрээг үндэслэн “тухайн хадгаламжийн гэрээг хадгаламж эзэмшигч хугацаанаас нь өмнө цуцлаагүй, дансыг хаагаагүй бол банкны хүү тооцогдож, нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хохирлыг хууль болон гэрээний дагуу төлөх үндэслэлтэй байсан, гэтэл хадгалуулагч нь өөрөө гэрээг цуцалж, хадгаламж дахь мөнгөн хөрөнгөө хүүгийн үр шимийн хамт авч явж, дансыг хааснаас уг данс дахь хадгалуулсан мөнгөн хөрөнгө байхгүй болсон байхад хадгаламжийн хүү, хохирол огтоос бодогдох ёсгүй юм...” (4)9 гэж хяналтын журмаар гомдол гаргажээ.
4. Хяналтын шатны шүүхээс Зохигчийн хооронд үүссэн өмнөх маргааныг шийдвэрлэсэн хяналтын шатны шүүхийн тогтоолд зааснаас үзэхэд хадгаламж нь хүүхдэд ирээдүйн хуримтлал үүсгэх үндсэн зорилготой, тухайн хадгаламжийг барьцаалж зээл авч болох боловч зээлийн гэрээний агуулгаас үзэхэд зээлийн зориулалт тодорхой бусаас уг мөнгийг барьцааны зүйл болгосон нь хадгаламж эзэмшигч хүүхдийн эрх, ашиг сонирхолд нийцээгүй, иймээс тухайн барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус тул мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу хадгаламж эзэмшигч хадгалуулсан мөнгөө буцаан шаардах эрхтэй. (11)
Мөн мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, бусад мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалж, тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээх ба гэрээгээр талууд хадгалалтын хугацаа, хүүгийн хэмжээг харилцан тохиролцдог. Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ зохих ёсоор сунгагдаж байсан бол хадгалуулсан 21,249,500 төгрөгөөс гэрээнд заасан хувиар хүү тооцогдох байсан буюу зайлшгүй орлого олох боломжоо алдсан гэсэн нэхэмжлэлийн үндэслэл үгүйсгэгдээгүй. (13) Тодорхой хугацаагаар байгуулсан гэрээг хадгалагч буюу банкны нэг талын санаачилгаар өөрчлөх, хугацаанаас нь өмнө цуцлах эрхгүйг Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.410-т, харин мөн хуулийн 454 дүгээр зүйлийн 454.4-т хадгалуулагч хэдийд ч гэрээг цуцалж, хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авах эрхтэйг заасан. Нэхэмжлэгч хүү аваагүй хохирсон нь хариуцагч хууль бусаар хүүхдийн хадгаламжийн данснаас мөнгө авч, улмаар зээлийн төлбөрт суутгасан буруутай ажиллагаатай шалтгаант холбоотой, иймээс хариуцагч нь хохирлыг төлөх үүргийг хүлээнэ (14) хэмээн дүгнэжээ.
5. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн “магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх” тухай гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
---o0o---
1 Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
2 Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
3 Иргэний хууль (2002) 454 дүгээр зүйлийн 454.1 “Мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ.”
4 Иргэний хууль (2002) 454 дүгээр зүйлийн 454.4 “Хадгалуулагч хэдийд ч гэрээг цуцалж, хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авах эрхтэй.”
5 Иргэний хууль (2002) 219 дүгээр зүйлийн 219.1 “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.”
6 Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль (2021) 12 дугаар зүйлийн 12.4. “Хугацаатай хадгаламжийн гэрээг тохиролцсон хугацаанаас өмнө хадгалуулагчийн хүсэлтээр цуцлах, эсхүл зарлагын гүйлгээ хийх тохиолдолд хадгалуулсан хугацаанаас нь хамааруулан хадгаламжийн хүүг гэрээнд заасан хэмжээгээр бууруулна.”
7 Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль (2021) 12 дугаар зүйлийн 12.7. “Хугацаатай хадгаламжийн гэрээг хадгалагч нэг талын санаачилгаар өөрчлөх, хугацаанаас өмнө цуцлах эрхгүй.”
8 Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль (2021) 14 дүгээр зүйлийн 14.2. “Хадгалагч дараах эрх, үүрэгтэй: 14.2.3.хадгалуулагчийн тавьсан анхны шаардлагаар хадгаламжийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хадгаламжийн хүү төлөх;”
9 “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.
10 Иргэний хууль (2002) 455 дугаар зүйлийн 455.4. “Тодорхой хугацаагаар байгуулсан гэрээг банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нэг талын санаачилгаар өөрчлөх, хугацаанаас нь өмнө цуцлах эрхгүй.”
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Дам эшлэл (Secondary referencing/citing) авах тухай
3 days ago
“Сонгууль – 2024” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зохион байгуулах удирдамж
1 week ago
Т.Алтангэрэл: Гадаадын хөрөнгө оруулалтын бодлого бол асар нарийн бодлого
1 week ago
2024 оны 10 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа (ranking)
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Харуулын хариуцлагагүй үйлдэл шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.
2024-11-22
-
Хууль, журмаар олгогдсон нэмэлт мэдээлэл шаардах бүрэн эрхийн хүрээ хязгаар (Банкны салбарын жишээн дээр)
2024-11-21
-
Бусдын асран хамгаалалтад шилжүүлсэн төрсөн хүүхдийнхээ тэтгэмжийг өөртөө авсан нь гэмт хэрэг биш
2024-11-20
-
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-22 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-22 Сэтгүүлдуудаж байна ! -
Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн
2024-11-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-21 Сэтгүүлдуудаж байна ! -
Judilogy
2024-11-21 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Айжуу Баяржаргал
2024-11-20 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-19 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-18 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-18 Сэтгүүлдуудаж байна ! -
Татварын судалгаа, Хөгжлийн төв Н.Мөнхнаран
2024-11-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !