Газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээгүй өргөтгөлийн барилгыг улсын бүртгэл бүртгэх үү?
Санамж: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулагдсан.
Хураангуйд ашигласан шийдвэрийн мэдээлэл1:
Шүүх: Улсын дээд шүүх
Шийдвэрийн огноо: 2023.05.22
Шийдвэрийн дугаар: 001/ХТ2023/0039
Хэргийн индекс: 128/2022/0071/з
Нэхэмжлэлийн шаардлага:
Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6167 дугаар дүгнэлтийн “Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018474 дугаарт бүртгэгдсэн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 11-896900 дугаартай мэдүүлэг бүхий бүртгэлийг хүчингүй болгох” хэсгийг хүчингүй болгуулах тухай.
Хэргийн нөхцөл байдал:
Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн орон сууцуудаа өргөтгөж талбайн хэмжээг нэмэгдүүлэн өөрчилж, улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргахдаа нэг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгэлийн хэлтэст буцаан өгч бүртгэлийг хүчингүй болгуулахгүйгээр өөрийн нэрээр хэвээр үлдээн бүртгэл давхардуулсан зөрчил гаргасан гэж үзэж, хариуцагч албан тушаалтан бүртгүүлсэн өргөтгөлийн талбайн хэсгийг хүчингүй болгох дүгнэлт гаргасан.
Нэхэмжлэгчээс “... өөрийн өмчлөлийн байрандаа үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зорилгоор засвар хийж өргөтгөн, тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу зөвшөөрлүүдийг зохих газруудаас нь авсан ...байхад улсын бүртгэлийг хүчингүй болгож өмчлөх эрхэд халдсан” гэж, хариуцагчаас “... орон сууцуудаа өргөтгөлийн хэсэгтэйгээ нийлүүлэн нийт 239.1 м.кв талбайтайгаар бүртгүүлэхдээ 2 тоот орон сууцны 000094912 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгэлийн хэлтэст буцаан өгч бүртгэлийг хүчингүй болгуулахгүйгээр өөр дээрээ авч үлдэн бүртгэл давхардуулсан зөрчлийг гаргасан нь тогтоогдсон тул ... зөвхөн улсын бүртгэлийн хуулиуд, газрын тухай хууль, орон сууцны тухай хууль тогтоомж зөрчиж бүртгүүлсэн өргөтгөлийн талбайн хэсгийг хүчингүй болгох дүгнэлт гаргасан ... нь хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны түүх:
Анхан шатны шүүх: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
Хяналтын шатны шүүх: Давж заалдах шатны шүүхий магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн.
Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2-д зааснаар2 улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих бүрэн эрхийг улсын ерөнхий болон ахлах байцаагч, байцаагч нар хэрэгжүүлж, хяналт шалгалтыг мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.10, 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалтуудыг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/341 дүгээр тушаалаар баталсан “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам”-ын дагуу хийж гүйцэтгэхээр байна.
2. Тухайн журмын 6.4, 8.1-д зааснаар төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдол, эрх бүхий этгээдийн албан хүсэлт, даалгавар, улсын бүртгэлийн мэдээллийн сангийн лог /Log file/-ийн бүртгэл болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр түгээсэн мэдээ, мэдээлэл, улсын ерөнхий байцаагч, хяналт шалгалтын нэгжийн даргаас өгсөн чиглэлийн хүрээнд гүйцэтгэх боломжтой.
3. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/736 дугаар захирамжаар нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай орон сууцны 11, 12 дугаар байрны барилгажилтын төслийг боловсруулж, хэрэгжүүлэхээр шалгарч, төсөл хэрэгжүүлэх эрхийг авсан “Т” ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт “Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дүгээр байрны ... тоот болон ...-... тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хууль зөрчиж олгогдсоноос төсөл хэрэгжих боломжгүйд хүрч, олон оршин суугч, иргэд хохироод байгаа” талаар гомдол гаргаснаар улсын байцаагч хяналт шалгалт явуулсан нь тухайн заалтуудад нийцжээ.
4. Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын хүрээнд эрх шилжүүлж байгаа этгээд болон эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээдүүдийн хоорондын харилцааг зохицуулсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх хэсгийн Иргэний хуулийн 183.2, 183.3-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс шаардсан, эрхийн улсын бүртгэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээдийн гаргасан өргөдлийн дагуу улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болох тухай заалт нь улсын байцаагчийн дээрх хууль тогтоомжоор олгогдсон улсын бүртгэлийн үйл ажиллагаа, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавихтай холбоотой үйл ажиллагааг хязгаарлах үндэслэл болохгүй.
5. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.14-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно: ...20.1.8.улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох”, Монгол Улсын Засгийн газраас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.2, 4.5 дахь хэсгийг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 397 дугаар тогтоолоор баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын3 2.1-д “Улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлийг дор дурдсан дарааллын дагуу хөтөлнө: ...2.1.5.мэдүүлэг дэх эд хөрөнгийн байршлын хаяг, өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн регистрийн дугаар, газрын нэгж талбарын дугаараар цахим мэдээллийн сангаас хайлт хийж, мэдүүлэгт дурдсан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг нягтлан шалгах, ...2.1.7.газрын кадастрын мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд нэвтэрч шалгах бөгөөд уг санд нэвтрэх боломжгүй тохиолдолд холбогдох баримт бичгийн хуулбарыг мэдүүлэг гаргагчаас авах”, 4.1-д “Улсын бүртгэгч нь иргэн, хуулийн этгээдээс гаргасан мэдүүлгийг энэ журмын ...2.1.5...2.1.7...-д заасны дагуу нягтлан шалгахад Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.1-д заасан татгалзах үндэслэл байвал энэ тухай мэдүүлэг гаргагчид тайлбарлаж, мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан хариуг өгч, мэдүүлэг болон холбогдох баримт бичгийг буцаана” гэж тус тус заажээ.
6. Хууль болон журмын эдгээр заалтуудаас үзвэл хариуцагчийн маргаан бүхий дүгнэлтийн “...үл хөдлөх эд хөрөнгийн талбайг давхардуулж, газрын гэрээ, гэрчилгээгүй байхад өргөтгөлийн хэсгийг бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8 , Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.106 дахь хэсгийг зөрчсөн гэх хэсэг нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1./”Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална: ...4.1.4.үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, 4.1.5.нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх/, 18 дугаар зүйлийн 18.7.1 /“хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, ... бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, ... хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах...”/-д заасантай тус тус нийцжээ.
7. Улсын бүртгэлийн байгууллагын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хийгдсэн бүртгэл дээрх байдлаар хууль тогтоомжид нийцээгүй нь тогтоогдсон тохиолдолд Улаанбаатар хотын Ерөнхий менежерээс 2004 онд орон сууцны зориулалтыг өөрчилж, “цайны газар”-ын үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрсөн, орон сууцны өргөтгөлийн зураг, зураг төслийн ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий “Г” ХХК-ийн хэмжилтийн тайлан зэрэг баримтуудыг, түүнчлэн улсын байцаагчийн дүгнэлтэд Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтыг зөрчсөн талаар тусгасан зэргийг үндэслэн тухайн бүртгэлийг хууль ёсны гэж дүгнэх, улмаар маргаан бүхий актыг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй.
----ооООоо----
[1] Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
[2] Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн §18.1“Улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина” §18.2 “Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, орон нутаг дахь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч /цаашид "улсын байцаагч" гэх/ хэрэгжүүлнэ.
[3] https://legalinfo.mn/mn/detail?lawId=1394
[4] Улсын бүртгэлий ерөнхий хуулийн §20.1 “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:” §20.1.8.улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох;
[5] Газрын тухай хуулийн §34.10.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно”
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !