Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан гомдол, прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзлээ.
Хяналтын шатны шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа хэрэгт холбогдсон хүмүүсийг эрхэлж байсан ажил, албан тушаалын байдал, холбогдсон хэргүүдийн хоорондоо харилцан хамааралгүй байдлыг харгалзан үзэж 5 үндсэн хэсэгт хуваан хураангуйлсан байдлаар хүргэж байна. Үүнд:
- Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний холбогдсон хэрэг
- Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийн холбогдсон хэрэг
- Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүдийн холбогдсон хэрэг
- Хөгжлийн банкны хэлтсийн захирал, мэргэжилтнүүдийн холбогдсон хэрэг
- Зээл авсан аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалтан болон бусад хүмүүсийн холбогдсон хэрэг.
I. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний холбогдсон хэргийн талаар.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Говийн зам” ХХК-ийн барьсан замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр төрд худалдаж авсан, “Бэрэн” ХХК-д 2014 онд Хөгжлийн банкнаас зээл олгосон гэх хэргүүдийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.
Мөн Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаярт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Монроуд” ХХК-д давуу байдал олгосон хэргийн талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаатай холбоотой үйл баримтыг анхан шатны шүүх шийдвэрлээгүй байхад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар урьдчилсан дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзнэ.
Иймд прокурорын эсэргүүцлээс зарим хэсгийг хангаж Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нарыг дээрх хэргүүдэд цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, гэм буруутай эсэхийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй.
II. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийн холбогдсон хэргийн талаар.
Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдэд холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэхдээ дүгнэлтэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, цагаатгасан үндэслэл нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна. Тодруулбал, анхан шатны шүүх хэргийн болсон үйл явдал, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, хамтран оролцоог нотлох баримтад тулгуурлан тодорхойлж үйл баримтын дүгнэлт хийгээгүй. Түүнчлэн Хөгжлийн банкны тухай хууль, дүрэм, журамд Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлага /Зээлийн удирдлагын хороо/-ын түвшинд тодорхой үнийн дүнгээр хязгаарласан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх асуудлыг тус тусдаа шийдвэрлэхээр зохицуулсан ба эдгээр хууль тогтоомжийн хүрээнд Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж зээлийн санхүүжилтийг хэлэлцэж, эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гаргаж байсан нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Иймд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийн холбогдсон бүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны, үндэслэлтэй болжээ.
Мөн 2014 онд Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл “Бэрэн” ХХК-д хууль бус давуу байдал бий болгож зээл олгосон гэх хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөгжлийн банкны төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх талаар хууль, тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлсэн талаар үйл баримтын болон хууль зүйн дүгнэлтийг хангалттай түвшинд хийгээгүй байна.
Иймд Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдээр ажиллаж байсан дараах хүмүүст холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэх агуулга бүхий давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв. Үүнд:
1.Б.Даажамба
2.Ж.Оюунчимэг
3.Б.Махбал
4.Ж.Үхэртар
5.Д.Даваасамбуу
6.Д.Бат-Очир
7.Ж.Бат-Эрдэнэ
8.С.Магнайсүрэн
9.М.Баярмагнай
10.Б.Шинэбаатар
11.Ч.Отгочулуу
12.Ч.Нэргүй
13.М.Баянмөнх
14.Б.Найдалаа
15.Б.Лхагвасүрэн
16.Р.Батбаяр
17.М.Золжаргал
18.Г.Дашзэвэг
19.Г.Одонтуул
20.Б.Батзаяа
21.Н.Баярчимэг
22.О.Хуягцогт нар болно.
Төлөөлөн удирдах зөвлөл нь Хөгжлийн банкны удирдах дээд байгууллага бөгөөд бие даасан шийдвэр гаргадаг онцлогтой тул тэдний холбогдсон хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх нь бусад шүүгдэгч нарын гэм бурууд нөлөөлөхгүй.
Төлөөлөн удирдах зөвлөлийн зарим гишүүдийн холбогдсон өөр зүйлчлэл бүхий хэргийн талаар.
-Б.Даажамба нь “НВЦ” ХХК, “Монгол мах импекс” ХХК, “Монгол эм ипекс концерн” ХХК-д зээл олгох асуудлыг шийдвэрлэхдээ хахууль авсан болох нь нотлогдсон болохыг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэж, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар зүйлчлэн, ял шийтгэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээв.
-Б.Шинэбаатар нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байхдаа сонгон шалгаруулалт явуулахгүйгээр 2 ширхэг хүнд даацын белаз тээврийн хэрэгслийг худалдан авч албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг нэг зүйлчлэлтэй “Говийн зам” ХХК-тай холбоотой хэрэгтэй хамт дахин хэлэлцүүлэх нь зүйтэй.
-“НВЦ” ХХК-ийн зээлтэй холбоотой хэрэгт хамааралтай Ж.Бат-Эрдэнийн холбогдсон хахууль авсан гэх, Б.Баттөрийн худал мэдүүлэг өгсөн гэх хэргүүдийг давж заалдах шатны шүүх тусгаарлан прокурорт буцаасан нь Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүдийн гэм бурууг хэлэлцэхэд саад болохгүй гэж үзсэн тул хэвээр үлдээв.
III. Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага /Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүд/-ийн холбогдсон хэргийн талаар.
Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүдийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, зарим гишүүд зээл олгох асуудлыг шийдвэрлэхдээ хахууль авч, Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээв. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор дараах нэр бүхий хүмүүст шүүхээс оногдуулсан ял хуулийн хүчин төгөлдөр болж байна. Үүнд:
1.Б.Батбаяр /“Сэлэнгийн герфорд”, “Пирамид орд”, “Мон дулаан”, “Болор шүр”, “Баруунбаян транс”, “Ганхүдэр орд”, “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн”, “Газ импорт”, “Чингис хаан банк”, “Монгол драй милк”, “НВЦ”, “Пи Си Вай”, “Бэрэн”, “Инжир” ХХК/
2.Ч.Энхбат /“Сэлэнгийн герфорд”, “Пирамид орд”, “Мон дулаан”, “Баруунбаян транс”, “Ганхүдэр орд”, “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн”, “Газ импорт”, “Монгол драй милк”, “Пи Си Вай”, “Бэрэн”, “Инжир” ХХК/
3.Б.Будхүү /“Сэлэнгийн герфорд”, “Пирамид орд”, “Мон дулаан”, “Ганхүдэр орд”, “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн”, “Газ импорт”, “Монгол драй милк”, “Пи Си Вай”, “Бэрэн”, “Инжир” ХХК/
4.Б.Чойжилжалбуу /“Сэлэнгийн герфорд”, “Пирамид орд”, “Мон дулаан”, “Болор шүр”, “Баруунбаян транс”, “Ганхүдэр орд”, “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн”, “Газ импорт, “Чингис хаан банк”, “Монгол драй милк”, “НВЦ”, “Бэрэн”, “Инжир” ХХК/
5.Л.Мягмаржав /“Сэлэнгийн герфорд”, “Газ импорт” ХХК/
6.Д.Дэлгэрсайхан /“Пирамид орд”, “Мон дулаан”, “Болор шүр”, “Баруунбаян транс”, “Монгол драй милк”, “НВЦ”, “Бэрэн”, “Инжир” ХХК/
7.Д.Цогтбаатар /“Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК/
8.Ч.Мөнхбаяр /“Болор шүр”, “Баруунбаян транс”, “Ганхүдэр орд”, “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн”, “Газ импорт”, “Монгол драй милк”, “НВЦ”, “Пи Си Вай”, “Бэрэн” ХХК/ нар болно.
Шүүгдэгч Д.Цогтбаатар нь “Сэлэнгийн герфорд” ХХК, “Пи Си Вай” ХХК-д холбоотой хэрэгт гэм буруугүй болох нь тогтоогдсон тул түүнд холбогдох хэргээс эдгээр үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Чойжилжалбуу нь “Монгол мах экспо” ХХК, “Монгол эм импекс концерн” ХХК-ийн зээлийг шийдвэрлэхдээ үл хөдлөх хөрөнгө хахуульд авсан гэх хэргийг прокурор хангалттай нотолж чадаагүй ба энэ үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн байна.
“Инжир” ХХК-ийн зээлтэй холбоотой хэрэгт Хөгжлийн банкны хяналт, шалгалт, тамгын хэлтсийн захирал Ж.Ганхуяг хахууль авсан, нийтийн албан тушаалтан Э.Эрдэнийг хахууль өгсөн хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан тул тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээсэн болно.
“Бэрэн” ХХК-ийн зээлтэй холбоотой хэрэгт Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг гэм буруутайд тооцож хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Гэтэл түүний холбогдсон “Говийн зам” ХХК-тай холбоотой хэргийг дахин хэлэлцүүлэхээр болсон тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс хамтад нь дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
IV. Хөгжлийн банкны хэлтсийн захирал, мэргэжилтнүүдийн талаар.
Анхан шатны шүүхээс Хөгжлийн банкны ажилтнууд болох Ц.Билгүүн, Ц.Уянга, Т.Оюунчимэг, Б.Чинзориг, Т.Пүрэвсүрэн, Т.Мөнхтулга, Ч.Цоожсүрэн, С.Батзориг, А.Хүчитбаатар, Б.Амгалан, Г.Гантогтох, Б.Цолмон нарын холбогдсон хэргийг цагаатгаж, Л.Аззаяад холбогдох хахууль авсан хэргийн зүйлчлэлийг нийтийн албан тушаалтан биш гэж үзэн зүйлчлэлийг өөрчилж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх мэргэжилтэн Т.Оюунчимэг, Уянга, Б.Чинзориг, А.Хүчитбаатар, Б.Амгалан, Г.Гантогтох нарыг цагаатгасныг, Л.Аззаяад холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж, Ц.Билгүүн, Т.Пүрэвсүрэн, С.Батзориг, О.Батбаатар, Т.Мөнхтулга нарын гэм бурууг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхээс дээрх тогтоол, магадлалын үндэслэлийг хянаад давж заалдах шатны шүүхийн магадлалын О.Батбаатарт холбогдох хэсгээс бусдыг хэвээр үлдээсэн. Тэрбээр “Газ импорт” ХХК-тай холбоотой хэрэгт гэм буруугүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй гарчээ.
“Баруунбаян транс” ХХК-ийн зээлтэй холбоотой хэрэгт шүүгдэгч Т.Мөнхтулгын үйлдэл, оролцооны талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан дүгнэлт үндэслэлтэй боловч түүний гэм буруугийн талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд дүгнэлт хийгээгүй тул хяналтын шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаагаар хэргийг шийдвэрлэх боломж бүрдээгүй гэж үзэж дахин хэлэлцүүлэх талаар магадлалын холбогдох хэсгийг хэвээр үлдээсэн болно.
V. Зээлдэгч болон бусад хүмүүсийн талаар.
1. Хөгжлийн банкнаас “Модун” ХХК, “Комплант” ХХК, “Нью яармаг” ХХК, “Виртекс майнинг” ХХК-д зээл олгосон гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, холбогдох албан тушаалтнууд болон зээлдэгч нарыг гэм буруугүйд тооцон цагаатгаж шийдвэрлэснийг хууль ёсны, үндэслэлтэй, ийнхүү шийдвэрлэхдээ хуулийг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй байх тул “Виртекс майнинг” ХХК-ийн талаар гарсан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг, “Модун” ХХК, “Комплант” ХХК, “Нью яармаг” ХХК-ийн талаар гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Эдгээр компаниуд нь Хөгжлийн банкнаас авсан зээл, хүүгийн төлбөрийг хамт бүрэн төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.
2. Г.Батдорж, Г.Галсанням /“Сэлэнгийн герфорд” ХХК/
Г.Цолмон /“Пирамид орд” ХХК/
Ш.Бүтэд /“Мон дулаан” ХХК/
П.Мягмардорж /“Газ импорт” ХХК/
Э.Эрдэнэбилэг, Х.Бат-эрдэнэ /“Монгол драй милк” ХХК/
Ц.Баатарбилэг /“НВЦ” ХХК/
Б.Мөнхтөр /“Бэрэн” ХХК/
Б.Батбаатар, Ч.Өлзий /“Инжир” ХХК/ нар нь нийтийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны, үндэслэлтэй гарчээ.
Харин эдгээр шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэж Хөгжлийн банканд учруулсан хохирлоо төлөөгүй, хор уршгийг арилгаагүй байхад торгох ял оногдуулсан нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршигт тохироогүй, шударга ёсны зарчимд нийцээгүй ба энэ талаар прокурорын эсэргүүцэл, шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Үүнээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2-т “Гэмт хэргийн хатгагчийг түүний хатгаснаар үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулна” гэж хуулиар үүрэг болгосон зохицуулалтыг шүүх зөрчсөн байна.
Хуулийн этгээд “НВЦ” ХХК, “Ганхүдэр орд” ХХК, “Инжир” ХХК-ын мөнгө угаасан гэх үйлдэлд хамаарах хөөн хэлэлцэх хугацааг ойлгомжгүй тодорхойлжээ.
Иймд дээрх нэр дурьдсан хүн, хуулийн этгээдүүдэд холбогдох Эрүүгийн хуулийн 22.1, 22.5, 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ё.Баатарбилэгийг “НВЦ” ХХК-тай холбоотой хэрэгт тус компанийн захирал Ц.Баатарбилэгээс 100,000 ам.долларын хахууль авсан хэргийн үйл баримт, түүнд хийсэн хууль зүйн дүгнэлтийг үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар зүйлчлэн 5 жил хорих ял шийтгэсэн нь гэм бурууд нь тохирсон байна.
Харин гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар хурааж улсын орлого болгоогүй байх тул “... Ё.Баатарбилэгээс 73,000,000 төгрөг гаргуулах...” талаар шийтгэх тогтоолын холбогдох заалтыг “... Ё.Баатарбилэгээс 100,000 ам.доллар буюу 246,000,000 төгрөг гаргуулах ...” болгон өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Мөн шүүгдэгч Ё.Баатарбилэгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.1-д заасан мөнгө угаах гэмт хэрэг болгон өөрчилж, оногдуулсан 1 жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн тул түүний эдлэх ял хуулийн хүчин төгөлдөр болж байна.
“Хааны харгуй” ХХК-д тусгай зөвшөөрөл авахын тулд хахууль өгсөн шүүгдэгч Х.Баттулга, хахууль авсан шүүгдэгч Ц.Баярсайхан нарыг гэм буруутайд тооцож, торгох ял шийтгэсэн, шүүгдэгч Ё.Баатарбилэгийн үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний хамаарал бүхий Ё.Доржсумъяа, Ц.Цэвэгмэд нар болон шүүгдэгч Ц.Баатарбилэгийн хамаарал бүхий Б.Цэрэндаваа нарыг гэрчээр санаатай худал мэдүүлэг өгсөн гэх хэргийг Үндсэн хуульд заасан мэдүүлэг өгөхгүй байх эрхийг зөрчсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, “Пирамид орд” ХХК-ийн зээлтэй холбоотой хэрэгт Г.Санжмятавыг, “Болор шүр” ХХК-ийн зээлтэй холбоотой хэрэгт Ц.Содхүүг, “Бэрэн” ХХК-ийн зээлтэй холбоотой хэрэгт М.Цэлмэгийг гэм буруугүйд тооцож цагаатгасныг хэвээр үлдээлээ.
4. Шүүгдэгч Г.Байгалмаагийн холбогдсон МоАХ-ны удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан “Пирамид орд” ХХК-аар холбооны газар дээр орон сууц бариулахдаа төлбөрт авах ёстой орон сууцыг хувьдаа ашигласан, мөнгө угаасан гэх хэргүүдийг дахин хэлэлцүүлэхээр тогтов.
“Болор шүр” ХХК-ийн зээлтэй холбоотой хэрэгт шүүгдэгч Я.Батцэцэгийн, “Бэрэн” ХХК-ийн холбоотой хэрэгт Т.Болдмаагийн үйлдлийг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн гэж хууль зүйн буруу дүгнэлт хийсэн байна. Тэд зээлийг зориулалтын дагуу зарцуулсан мэтээр хуурамч баримт үйлдэн мөрдөх байгууллагад гаргаж өгсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг байх тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргээр зүйлчилж, ялыг хэвээр үлдээсэн болно.
5. Шүүгдэгч Л.Ням-Очирыг нийтийн албан тушаалтанд хахууль өгч, мөнгө угаасан хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй боловч тэрээр тогтоол гарсны дараа нас барсан талаар холбогдох баримтыг ирүүлсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
6. “Бэрэн” ХХК-тай холбоотой хэрэгт улсын бүртгэгчээр ажиллаж байсан Н.Сүхболд нь улсын бүртгэлийг хууль бусаар хийж хахууль авсан гэмт хэрэг үйлдэж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэжээ. Гэтэл тэрбээр 2021 онд гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлсэн байдлыг шүүх анхаарч үзээгүй, хөөн хэлэлцэх хугацаа тасрах эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож гэм бурууг дахин хэлэлцүүлэхээр тогтлоо.
7. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хураахдаа Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг баримтлаагүй тул шийтгэх тогтоолын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулсан болно.
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !