Зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг Улаанбаатар хотоор тогтоох нь ялын зорилгод нийцэхгүй

2025-02-14 Шүүхийн академи

САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.


Шүүхийн шийдвэрийн дугаар: 2024/ХШТ/119
Шүүхийн шийдвэрийн огноо: 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр
Шийдвэрийн төлөв: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан.

ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж эсрэг урсгалд хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж улмаар өөрийн жолоодож байсан тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан 4 настай төрсөн охиныхоо эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.


ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР

1. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.32-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоон зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ.

2. Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон байна.

3. Хяналтын шатны шүүхэд прокурор “...Улсын дээд шүүхээс эрүүгийн хариуцлагын зорилго, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах үндэслэл, журамд нийцүүлэн хязгаарлалт тогтоох нутаг дэвсгэрийн цар хүрээ, хязгаарыг оновчтой тодорхойлж, шүүгдэгчийг оршин суух сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож байхаар хууль хэрэглээний жишиг тогтоосон. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа түүний хувийн байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хэт өргөн цар хүрээг хамруулан шүүгдэгчийн зорчих бүсийг тогтоосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна...” (11)3 хэмээн эсэргүүцэл гаргасан байна.

4. Уг эсэргүүцлийн дагуу эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд хяналтын шатны шүүхээс “... Зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээ, хувийн болон эрүүл мэндийн байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлаас гадна Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний суурь эрх, иргэний журамт үүрэг, гэр бүлийн амин чухал хэрэгцээ шаардлагыг тус тус харгалзан хүний чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлах нутаг дэвсгэрийн хүрээ, хязгаарлалт тогтоох хугацаа, түүнчлэн хэргийн нөхцөл байдлаас хамаарч тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр ялтны гадагш зорчихгүй байх хязгаарлалтын бүсийг хэт өргөнөөр буюу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хамгийн том нэгж болох аймаг, нийслэл, эсхүл сум, дүүргийн нутаг дэвсгэрээр хялбарчилж тогтоох, эсхүл үндэслэл заахгүйгээр хязгаарлалын бүсийг хэт хумьж ялтны оршин суугаа баг, хорооны нутаг дэвсгэр, эсхүл оршин суух тодорхой хаяг буюу гэрээсээ гарч явахыг хориглох, эсхүл хязгаарлалт тогтоох нутаг дэвсгэрийн хүрээг шийдвэрлэхгүй орхигдуулах зэрэг алдаа зөрчил нь ял оногдуулах үндэслэл, журамд нийцэхгүй бөгөөд уг ялын хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг анхаарвал зохино....” (28) хэмээн дүгнэж “...шүүгдэгчийн хувьд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэний улмаас төрсөн охиноос гадна өөрөө хүндээр гэмтэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авах зайлшгүй шаардлага үүссэн, ... дүүрэгт оршин суудаг, ... дүүрэгт буюу ... ажилтай зэрэг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, хувийн болон ар гэрийн нөхцөл байдлыг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан 1 жил зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Ичинхоролын бичсэн эсэргүүцлийг хангаж...” (33) шийдвэрлэжээ.

 

 

---o0o---

 

 

[1] Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.

[2] Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний оюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих “1. Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2. 2. Энэ гэмт хэргийг:
2.1. согтуурсан, мансуурсан үедээ;
2.2. тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн;
2.3. хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”.

[3] “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.

 

Холбоосууд:

https://www.jtrii.mn/mn/news/1223