“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус

2025-02-22 Шүүхийн академи

САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.


Шүүхийн шийдвэрийн дугаар: 001/ХТ2022/01061
Шүүхийн шийдвэрийн огноо: 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр
Шийдвэрийн төлөв: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж даалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ

Нэхэмжлэгчээс хариуцагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт холбогдуулан бага насны бүтэн өнчин Т.Т-ийн хадгаламжийн данснаас зөвшөөрөлгүй суутгаж авсан 21,249,500 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлдэгч Т, Х нарын 2018.03.02-ны өдрийн ЗГ/10604 тоот, 2018.04.13-ны өдрийн ЗГ/10510 тоот, 2019.02.28-ны өдрийн ЗГ/01 тоот зээлийн гэрээний үндсэн зээл, түүнд бодогдсон хүүгийн нийлбэр болох 34,975,798.65 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.


ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР

1. Анхан шатны шүүх:2 Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.13, 219 дүгээр зүйлийн 219.14, 240 дүгээр зүйлийн 240.1.25, 451 дүгээр зүйлийн 451.16, 453 дугаар зүйлийн 453.17, 454 дүгээр зүйлийн 454.18-ийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Х ны Баян-Өлгий аймаг дахь салбараас 1,506,213 төгрөгийг гаргуулан Т.Т-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 19,743,287 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х ийн нэхэмжлэгч Х ээс зээлдэгч талийгаач Т, Х нарын 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/10604 тоот, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/10510 тоот, 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/01 тоот зээлийн гэрээнүүдийн үндсэн зээл болон хүүгийн хамт нийт 34,975,798.65 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол Давж заалдах шатны шүүх9 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

2. Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.110 дэх хэсэгт заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Эцэг, эх нь зуурдаар зэрэг нас барж бүтэн өнчин болж хоцорсон 4 хүүхдийн эрх ашиг, тэдгээрийн амь амьдралтай холбоотой Т-ийн хадгаламжид байсан 21,249,500 төгрөгийг талийгаач нарын авсан зээлд барьцаа болгож байршуулсан. Улмаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд татаж авсан зэрэг нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.211 -т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нас барснаар түүний үүрэг дуусгавар болдог. Хуулийн энэ заалтаар зээл төлөх үүрэг хүлээсэн зээлдэгч Т 2019.05.01-ний өдөр зуурдаас нас барснаар түүний үүргийг дуусгавар болгож бүтэн өнчин 4 хүүхдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хурлуудаар эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна гэх агуулгаар хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан

3. Хяналтын шатны шүүхээс Зээлдэгч Т агсны хариуцагчтай байгуулсан 2018.11.06-ны өдрийн гэрээний хадгаламж барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй буюу Т агсны хариуцагчтай байгуулсан хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний 1.2.4-т заасан “...гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зүйл нь зээлдэгчийн Х банк дахь хугацаат хадгаламж дахь түүний өмчлөлийн мөнгөн хөрөнгө байна” гэж тохиролцсоныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.112-д зааснаар тайлбарлавал Т.Т-ийн нэр дээрх “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хүүхдийн хадгаламжийг /тогтоолын 8.2-т дүгнэсэн/ барьцааны зүйл гэж үзэхгүй буюу зээлдүүлэгчид уг хадгаламжаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрх үүсэхгүй гэж дүгнэв.(9.1)13 Банкны санал болгосон хадгаламжийн бүтээгдэхүүний нэг болох “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хүүхдийн хадгаламжийг хүүхдийнхээ ирээдүйн төлөө хуримтлал үүсгэх үндсэн зорилгыг илэрхийлсэн гэрээний санал гэж үзнэ. Хэдийгээр тухайн хадгаламжийг барьцаалж зээл авах нөхцөлтэй боловч Т агсны байгуулсан зээлийн гэрээний агуулгаас үзэхэд зээлийн зориулалт тодорхой бус буюу хадгаламж эзэмшигч хүүхдийн эрх, ашиг сонирхолд нийцсэн гэж дүгнэх боломжгүй гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.114, 40.215-т заасныг зөрчихгүй. (9.2)

4. Дээрх үндэслэлээр 2018.11.06-ны өдрийн зээлдэгч Т агсны хариуцагчтай байгуулсан гэрээний хадгаламж барьцаалсан хэсгийг Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.216, 5 дугаар зүйлийн 5.417, 8 дугаар зүйлийн 8.1.418-т заасныг зөрчсөнийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.119-д заасан хүчин төгөлдөр бус гэж дүгнэлээ.(9.3) Иймээс зээлдэгч нас барсан, бүтэн өнчин үлдсэн 4 хүүхдийн “хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжаас Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.120-д зааснаар зээлийн гэрээний үүргийг суутган тооцох эрх зээлдүүлэгч буюу хариуцагчид үүсээгүй. (9.4)

 

 

---o0o---

 

 

[1] Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.

[2] Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.31-ний 130/ШШ2020/00843 дугаар шийдвэр, https://shuukh.mn/single_case/118793?start_date=&end_date=&id=1&court_cat=1&bb=1

[3] Иргэний хууль (2002)-ийн 175.1. Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.

[4] Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1. Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

[5] Иргэний хуулийн 240 дүгээр 240.1.2. Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан;

[6] Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

[7] Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1. Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

[8] Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1. Мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ.

[9] Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.23-ны 212/МА2020/00073 дугаар магадлал, https://shuukh.mn/single_case/23228?start_date=&end_date=&id=2&court_cat=1&bb=1

[10] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (2002)-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах

[11] Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2. Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан;

[12] Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна.

[13] “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.

[14] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.

[15] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.

[16] Хүүхдийн эрхийн тухай хууль (2016)-ийн 4.1.2. Төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах;

[17] Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5.4. Хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, асрамж, халамж, хамгааллын үйлчилгээ авах эрхтэй.

[18] Хүүхдийн эрхийн тухай хуулийн 8.1.4. Хүүхэд хуульд заасан үндэслэл журмын дагуу өөрт ногдох эд хөрөнгийг өмчлөх, өвлөх, ажил, үйлчилгээний хөлс, урамшуулал авах;

[19] Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1. Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл;

[20] Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1. Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.

 

Холбоосууд:

https://www.jtrii.mn/mn/news/1162