Нэг хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч нас барсан нь хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй

2025-05-12 Шүүхийн академи

САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.


Шүүхийн шийдвэрийн дугаар: 136

Шүүхийн шийдвэрийн огноо: 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр

Шийдвэрийн төлөв: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан.

ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ

Шүүгдэгч Э нь Монгол Улсын өнчин эмийн2 бүртгэлд бүртгэгдсэн Авастин (Bevacizumab) тариаг Энэтхэг Улсаас худалдан авч, гар тээшиндээ хадгалан Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн яамны зохих зөвшөөрөлгүйгээр 2017 оны 01 болон 04 дүгээр саруудад Монгол Улсын хилээр нэвтрүүлж импортолсон. Уг тариаг шүүгдэгч өөрийн 100%-ийн хувьцааг нь эзэмшдэг А ХХК-ийн нэрийн өмнөөс 2017 оны 09 болон 10 дугаар саруудад эмнэлгүүдэд худалдан түгээсэн гэмт хэрэгт холбогджээ.

ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР

1. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт3 заасан “Хууль бусаар эм, эмийн түүхий эд, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу Э-д холбогдох гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон. Мөн уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийн нэрийн өмнөөс буюу Э-ийн дангаараа хувьцааг нь эзэмшдэг А ХХК-ийн ашиг сонирхлын төлөө үйлдсэнд тооцож, хуулийн этгээдийн эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 23,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.6 дугаар зүйлийн 1, 2 дахь4 хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 6,928,000 төгрөгийг тус хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

2. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсэгт өөрчлөлт оруулж, шүүгдэгч Э болон А ХХК-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээжээ.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хяналтын шатны шүүхэд “шүүгдэгч А нь авастин тариаг хувиараа оруулж ирж эмнэлгүүдэд худалдаалсан ба төлбөрийг хувийн дансаараа авсан нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул хуулийн этгээдийг холбогдуулан ял шийтгэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй” гэсэн гомдол гаргаснаар шүүх хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцжээ.

4. Хяналтын шатны шүүхээс шүүгдэгч Э нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нас барсан болох нь тогтоогдсон тул анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт5 заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5. Хэдийгээр шүүгдэгч Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч “...тодорхой зорилго бүхий тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг, зохион байгуулалтын нэгдэл болох хуулийн этгээдийн (үүнд хязгаарлагдмал хариуцлагатай компани хамаарна) хувьд хуульд зааснаар татан буулгаснаас бусад тохиолдолд, тухайлбал үүсгэн байгуулагч, гишүүд, удирдлага өөрчлөгдөх, солигдох, нас барах нь цаашид оршин тогтнох, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн гүйцэтгэхэд саад болохгүй” (56)6 ба “Шүүгдэгч Э нь Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т7 зааснаар үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийн хувьцааг 100 хувь ганцаараа эзэмшиж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т8 заасны дагуу компанийн удирдлагыг дангаараа хэрэгжүүлдэг болох” (52) нь тогтоогдсон тул анхан болон давж заалдах шатны шүүхээс А ХХК-д Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 49 болон 9.1 дүгээр зүйлийн 3-т10 заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуульд нийцсэн хэмээн дүгнэжээ.

 

---o0o---

 

 


1. Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх бол энд дарна уу.

2. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль (2024)-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.15 дахь заалт: “өнчин эм гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 8.9-д заасан аргачлалаар тодорхойлсон өвчин, эмгэгийг эмчлэхэд хэрэглэх эмийг” хэлнэ.

3. Эрүүгийн хууль (2015)-ийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг: “Эм, эмийн түүхий эд, био бэлдмэл эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

4. Эрүүгийн хуулийн 9.6 дугаар зүйл. Хуулийн этгээдийн хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ “1.Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хуулийн этгээдийн ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна. 2.Хуулийн этгээдийн хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ энэ хуулийн 7.5 дугаар зүйлд заасан журмыг баримтална.”

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (2017)-ийн 1.5 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол “1.3.яллагдагч, шүүгдэгч нас барсан /нас барсан хүнийг цагаатгах, эсхүл бусад хүнд холбогдох шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас уг хэргийг сэргээж хянан шийдвэрлэх ажиллагаа үүнд хамаарахгүй/”.

6. “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.

7. Компанийн тухай хууль (2011)-ийн 3 дугаар зүйл. Компани, түүний хэлбэр 

Холбоосууд:

https://www.jtrii.mn/mn/news/1323
https://shorturl.at/uNvE0