Эмчийн гэм буруутай үйлдлийн улмаас нас барсан өвчтөний амь насны хохирлыг нэхэмжлэх эрхтэй юу?
Хураангуйд ашигласан шийдвэрийн мэдээлэл:
Шүүх: Улсын дээд шүүх
Огноо: 2021.09.28
Дугаар: 001/ХТ2021/01122
Хэргийн индекс: 155/2019/01366/и
Маргааны төрөл: Гэм хорын хохирол
Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос: https://bit.ly/3NSsvx7
Хэргийн нөхцөл байдал:
Г эмнэлгийн мэдээгүйжүүлэлтийн их эмч Э мэдээгүйжүүлэгтэй холбоотой харшил бий эсэхийг сорил тавьж шалгаагүй, харшилтай эсэх талаар асуумж асуугаагүйн улмаас нурууны дарагдсан судас чөлөөлөх хагалгаанд орсон Х-н зүрх мэдээгүйжүүлэх ажиллагааны үед зогсож, эмчлэгдэж байгаад 2016.05.18-ны өдөр эмийн бодист харшилснаас хэт мэдрэгшлийн шоконд орж нас барсан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаар шийтгэх тогтоолоор Э-г өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эмчээр ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзах шийтгэл ногдуулсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Нэхэмжлэгч Д нь хариуцагч “Г” ХХК болон эмч Э нарт холбогдуулан гэм хорын хохиролд 1,143,600,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд талийгаач Х-н амь насны хохиролд 50,000,000 төгрөг, талийгаач Х-н ирээдүйд олох байсан орлого 280,952,822 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 13,600,000 төгрөг, нийт 344,552,822 төгрөгийг хариуцагч нараас хуваан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... амь хохирогч Х нь 1989.01.28-ны өдөр төрсөн, Швед улсад ажиллаж амьдарч байгаад 2016.05.08-ны өдөр эх орондоо ирсэн бөгөөд Г эмнэлэгт нурууныхаа зургийг авахуулахад нурууны мэдрэлийн ёзоор дарагдсан байна, мэс ажилбар хийлгэх шаардлагатай гэсэн. 2016.05.17-ны өдөр нурууны дарагдсан судас чөлөөлөх хагалгаанд орж, мэдээгүйжүүлэх ажиллагааны үед зүрх зогсож, эмчлэгдэж байгаад 2016.05.18-ны өдөр эмийн бодист харшилснаас хэт мэдрэгшлийн шоконд орж нас барсан. ...хохирлыг хариуцагч нараас хуваан гаргуулна” гэжээ.
Хариуцагч Г ХХК “...шийтгэх тогтоолоор Э-г гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан тул гэм буруутай нь тогтоогдсон этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Иймд Б хариуцах ёстой, манай байгууллагад хамааралгүй. ...1,180,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхив гэж дүгнээд, ...Г ХХК-аас ямар нэг гэм хорын хохирол төлбөр гаргаагүй, дээрх шийдвэр хүчин төгөлдөр байх тул шаардах эрхгүй” гэж татгалзсан тайлбар гаргасан.
Хариуцагч Э “Г ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх үед энэ хэрэг гарсан, ажилтны гэм буруутай үйлдэл, эс үйлдлээс учирсан хохирлыг ажил олгогч хариуцна гэж заасан тул би энэ хэргийн хариуцагч биш” гэж маргасан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардага, үндэслэлээ нотлох зорилгоор “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн 2019.11.08-ны өдрийн “Хүний амь насны хохирлын үнэлгээний тайлан”-г шүүхэд өгсөн ба энэ тайланд амь насны хохирол, ирээдүйд олох байсан орлого-ыг нийт 336,829,522 төгрөг, үүнээс Х-н амь насны үнэлгээг 55,876,700 төгрөг гэсэн байна.
Хууль зүйн гол асуудал:
- Гэмт хэргийн улмаас нас барсан хүний амь насыг үнэлж, хохирлыг буруутай этгээдээс гаргуулах боломжтой юу?
- Амь насны хохирол ба сэтгэл санааны хохирол ялгаатай юу?
- Эмчийн гэм буруутай үйлдлийн улмаас өвчтөнд учирсан хохирол, гэм хорыг тухайн эмнэлэг хариуцах уу?
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны түүх:
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хариуцагч нараас тус бүр 77,952,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 188,647,822 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон.
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “... гэм хорын хохирлын хэмжээг тодорхойлохдоо нэхэмжлэгчийн амь нас хохироосон гэм хорын хохирлыг 50,000,000 төгрөгөөр үнэлж шаардсан нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийн гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэсэн зохицуулалтад нийцэх эсэхийг дүгнээгүй, амь насны хохирол гэж шаардсаныг сэтгэл санааны хохиролд тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай, амь насны хохирлыг мөнгөөр нөхөн төлөх хуулийн тусгайлсан зохицуулалт байхгүй тул нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд болон хариуцагч нараас тус тус 31,048,750 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулсан.
Хяналтын шатны шүүх шүүхийн шийдвэр, магадлалд “хариуцагч Г ХХК-аас 50,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д-д олгож, хариуцагч Г ХХК болон хариуцагч Э нараас тус тус 92,812 төгрөгийг гаргуулж, хүү Х, хүү Х нарт тус бүрт 16 нас хүртэл, харин суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар бүр олгох” гэж өөрчлөлт оруулсан.
Шийдвэрийн үндэслэл, тайлбар:
1) Талийгаач Х-н амь насны хохиролд 50,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
- Иргэний Нэхэмжлэгч Д, талийгаач Х нар 2007.07.18-ны өдөр гэр бүл болж, 2008.12.17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас 2009.10.09-ний өдөр хүү Х, 2013.07.30-ны өдөр хүү Х нар төрсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Д, Х, Х нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Х-н хууль ёсны өвлөгч, өв залгамжлагч мөн тул 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Д нэхэмжлэл гаргах эрхтэй.
- Өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдын амь нас хохирч, гэм хор учирснаар хариуцагч нарт хэн алинд нь уг гэм хорыг арилгах үүрэг хуулийн дагуу үүсэх бөгөөд мэс заслын эмчилгээний үед амь нас нь хохирсон тохиолдолд эмчээс гадна тухайн эмнэлэг хамтран хариуцлага хүлээх ёстой гэж ихэнх улс оронд үздэг байна. Учир нь үйлчлүүлэгч эмнэлгийг сонгож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаатай холбоотой тул Г ХХК хохирлыг хариуцах үүрэгтэй.
- Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно, энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно" гэж хохирол, хор уршгийг ялгаж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг хохирол, хохирол учирсны улмаас үүсэх үр дагаврыг хор уршигт тооцож хуульчилжээ.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ. гэж, мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах гэж хохирогчийн эрхийг тодорхойлсон байна.
- Түүнчлэн Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ гэж, гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулжээ.
- Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1.9, 8.5 дугаар зүйлийн 1,2 дахь заалт буюу Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд харин одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Иргэний хууль нь 2002 оны хууль байна.
- Иймээс Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ. гэсэн зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн амь насны хохиролд 50,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах нь иргэний эрх, үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд нийцнэ.
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу дээрх хариуцлагыг хүлээхийн зэрэгцээ 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ. гэсний дагуу амь нас хохирсон гэм хорын хохиролд нэхэмжилсэн 50,000,000 төгрөгийг хариуцагч хуулийн этгээдээс гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах бөгөөд энэ тогтоол нь мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан нэхэмжлэл гаргах эрхэд саад болохгүй.
2) ... 280,952,822 төгрөг гаргуулах шаардлага буюу ...Амь хохирогч Х-н хүүхдүүд болох Х, Х нарыг 18 нас хүртэл талийгаач ээжийнх нь сар болгон олж байсан цалин хөлс түүнтэй адилтгах орлогыг гаргуулах шаардлагын тухайд:
- Нэхэмжлэгч нь "Хүний амь насны хохирлын үнэлгээ"-г үндэслэж шаардлагаа багасгасан байх тул нас барагчийн сарын цалин, хөлс орлогыг 1,052,500 төгрөгөөр тогтоосон хоёр шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
- Анхан болон давж заалдах шатны шүүх гэм хорын хохирлыг хариуцагч нараас тэнцүү хувиар хуваан гаргуулахаар шийдвэрлэхдээ тэжээгчээ алдсаны тэтгэмжид олгогддог 77,500 төгрөгийг хасаж тооцоогүй, мөн Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1-д заасныг хэрэглээгүй нь буруу.
- Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1-д заасан ...төлбөрийг сар бүр төлнө гэснийг хэрэглээгүй нь буруу байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.
- Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт заасны дагуу 1,052,500 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд хувааж нэг хүнд ногдох хэсгийг тодорхойлбол 263,125 төгрөг байна. Үүнээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 77,500 төгрөгийг хасахад нэг хүүхдэд сар бүр 185,625 төгрөгийн төлбөр төлөх үүрэг хариуцагч нарт үүсч байна.
- Иймээс Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.1-д заасан хугацаанд хариуцагч Г ХХК болон хариуцагч Э нараас хүү Х, хүү Х нарт тус бүр 92,812 төгрөгийг сар бүр тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор өөрчлөлт оруулна.
Бэлтгэсэн: Легал дата
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !