Шүүхийн шийдвэрийн хураангуй
  • 2022-10-11 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    “И” компани нь Банкнаас 60,0 сая төгрөгийг зээлж, уг зээлийн барьцаанд иргэн Оюун орон сууцаа тавьжээ. “И” компани зээлээ хугацаанд нь төлөөгүй учраас Банк шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан, “И” компаниас 59,0 сая төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан боловч “И” компани уг төлбөрийг төлөөгүй байна. Банк дахин шүүхэд хандаж, “И” ХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан иргэн Оюуны орон сууцаар зээлийн төлбөрийг хангуулах нэхэмжлэлийг гаргасан, иргэн Оюун нь “… зээлийн мөнгөнөөс аваагүй, захиран зарцуулахад оролцоогүй”, “… “И” компаниас зээлийн төлбөрийг гаргуулж Банкинд олгуулах шүүхийн шийдвэр гарсан” гэх зэргээр маргажээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-10-10 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    Иргэн Тулга өөрийн байрыг барьцаалж, ББСБ-аас 25 сая төгрөгийг зээлээд өөрийн найз Сүхээд 20 сая төгрөгийг өгч, өөрөө 5 сая төгрөгийг авчээ. Сүхээ нь Тулгыг зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд батлан даахаар  ББСБ-тай батлан даалтын гэрээ байгуулсан байх ба зээлийн төлбөрөөс 2 сарын төлөлт хийж, үүнээс хойш төлбөр төлөхгүй байсаар зээлийн гэрээний хугацаа дууссан байна. ББСБ шүүхэд хандаж Тулгаас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 46 сая төгрөг гаргуулах, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаанд тавьсан Тулгын байрыг худалдан борлуулахаар нэхэмжлэл гаргасан. Тулга нь “… зээлийн мөнгөнөөс 20 сая төгрөгийг Сүхээ авсан тул төлбөрийг  хариуцахгүй, өөрийн байрыг худалдахыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ
    дэлгэрэнгүй
  • 2022-10-07 Улсын дээд шүүх
    Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-д үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг “...сонгон шалгаруулалтаар олгох…” гэж заажээ. Нэхэмжлэгч “Ондо” ХХК-аас “…үүрэн холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгох хэм, хэмжээг тогтоосон нь хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт бий болгосон. Хуульд нэг нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн этгээд өргөдөл гаргаагүй (тухайлбал, нэг этгээд өргөдөл гаргасан) тохиолдолд сонгон шалгаруулалтгүйгээр олгох зохицуулалттай...” гэх үндэслэлээр журмын дээрх заалтыг хүчингүй болгуулахаар маргасан байна.
    дэлгэрэнгүй
  • 2022-10-06 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
    Иргэн Т.Ганболдоос “...миний бие болон Х.Янжингаажид бид гэрлэлтээ бүртгүүлэхээр өөрсдийн биеэр ирээгүй байхад Улсын бүртгэлийн байгууллага гэрлэлтийг бүртгэсэн нь“ гэрлэгсэд өөрийн биеэр ирж гэрлэлтээ бүртгүүлэх талаар заасан хуулийн зохицуулалтад нийцээгүй тул гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгоно уу” гэх агуулга бүхий гомдлыг Улсын бүртгэлийн байгууллагад гаргасан, уг гомдлоор хяналт шалгалтын ажиллагаа явагдаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн  2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5686 дугаар дүгнэлтээр “гэрлэхийг хүсэгчид өөрийн биеэр ирж иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй болох нь тогтооогдсон тул гэрлэлт бүртгэсэн нь хууль бус” гэсэн агуулга бүхий шалтгаан үндэслэлээр Т.Ганболд, Х.Янжингаажид нарын гэрлэснийг бүртгэсэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн бүртгэлийг  хүчингүй болгож шийдвэрлэжээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-10-09 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    Иргэн Моломын өмчлөлийн байр нь “Т” СӨХ-нд харьяалагддаг, тэрээр 25 сарын хугацааны СӨХ-ны төлбөрийг төлөөгүй байна. “Т” СӨХ нь шүүхэд хандаж, сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалттай холбогдох зардалд 800,000 төгрөгийг сууц өмчлөгч Моломоос гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч Молом нь нэхэмжилсэн төлбөрийг төлөхгүй гэж маргахгүй ба харин “Т” СӨХ-ны үйл ажиллагаанаас болж хохирол амссан тул түүний нэхэмжилсэн төлбөрөөс хасуулах хүсэлтэй гэх агуулгатай тайлбар гаргажээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-10-09 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    Иргэн Шинээ нь мөнгө өсгөх зорилгоор фэйсбүүкийн “Wiselling” сүлжээнд элсэхээр иргэн Уламбаяртай урьдчилан тохиролцож, энэ зорилгоор иргэн Сэлэнгийн дансанд 9,4 сая төгрөгийг шилжүүлсэн боловч Wiselling.com сайт хаагджээ. Иргэн Шинээ нь 9,4 сая төгрөгөө Сэлэнгээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “… “Wiselling” сүлжээнд элсээгүй” гэж, хариуцагч Сэлэнгэ нь “ …би Уламбаяртай хамтран “Wiselling” сүлжээнд нэгдсэн, Уламбаярын даалгаснаар нэхэмжлэгч Шинээгийн надад шилжүүлсэн 9,4 сая төгрөг нь Уламбаярын надад өгөх ёстой өрөнд шилжүүлсэн мөнгө” гэж маргав.
    дэлгэрэнгүй
  • 2022-10-07 Улсын дээд шүүх
    Иргэн Г нь “Х” ХХК-д манаачаар ажиллаж байхдаа тус компанийн захирал Б-н эзэмшлийн аккумлятор, шахдаг хөөс, усны сав, түлш зэрэг эд зүйлийг дур мэдэн авч, 5.729.900 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон. Прокуророос Г-г бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн яллах  дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүх Г-г “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
    дэлгэрэнгүй
  • 2022-10-06 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    Нэхэмжлэгч Ган нь хариуцагч Г.М эмнэлэгт холбогдуулан эмчилгээний илүү төлсөн зардал нэхэмжилсэн. Хариуцагч Г.М эмнэлэг нь нийтэд санал болгосон эмнэлгийн үйлчилгээний тарифийг 1 хоногийн 150.000 төгрөг, 200.000 төгрөг хэмээн бичиж, ханандаа ил харагдахуйц байдлаар байрлуулсан боловч ямар тохиолдолд 150.000 төгрөг, ямар тохиолдолд 200.000 төгрөгийн төлбөр авах талаар заагаагүй, энэ талаараа мөн шүүх хуралдаанд үндэслэл бүхий тайлбар гаргаагүй байна.

    дэлгэрэнгүй
  • 2022-10-05 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
     “Мандах” ХХК нь иргэн Ган-Одтой гэрээ байгуулж, ачаа тээвэрлүүлэхээр харилцан тохиролцжээ. Иргэн Ган-Од шүүхэд хандаж ажлын хөлсөө нэхэмжлэхэд  хариуцагч “Мандах” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Ган-Одтой байгуулсан гэрээнд компанийн гүйцэтгэх захирал бус компанийн менежер болох Энх гарын үсэг зурсан тул уг гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж маргажээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-10-04 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр “Д” ХХК-ийн “согтууруулах ундаагаар үйлчлэх” тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Захирагчийн ажлын албаны даргын тушаалыг “илт хууль бус акт болох”-ыг тогтоож, уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
    “Д” ХХК нь Захирагчийн ажлын албаны даргын хууль бус шийдвэрийн улмаас өөрт учирсан хохирлоо гаргуулахаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
    дэлгэрэнгүй
  • 2022-10-04 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
    Иргэн Мөнхийг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг шүүх тогтоож, түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, энэ шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг “Ү” ХХК-аас гаргуулан Мөнхөд олгож шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. Анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 01-ний өдрийн дээрх шийдвэрийг “Ү” ХХК нь 2021 оны 12 сарын 08-ны өдөр биелүүлж, Мөнхийг ажилд нь эгүүлэн томилсон тушаал гаргаж, шийдвэрт дурдсан цалин хөлстэй тэнцэх олговрыг түүнд олгосон байна.   Улмаар Мөнх шүүхэд дахин хандаж, 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны буюу шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилд нь эгүүлэн томилсон тушаал гаргасан өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг “Ү” ХХК-аас гаргуулахаар шаардсан. 
    дэлгэрэнгүй
  • 2022-10-04 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Өнөрөөс уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, уг шүүгчийн захирамжийг Өнөр эс зөвшөөрч хянуулахаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-09-30 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    Барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг “П” ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон Боловсрол, шинжлэх ухааны яамтай Цэцэрлэгийн барилгын өргөтгөл барих ажлын гэрээ байгуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэх явцад гарсан барилгын ажлын нэмэлт зардал болох 280 сая төгрөгийг захиалагч тал “П” ХХК-д төлөхөөр нэмэлт гэрээ байгуулжээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-09-30 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    Туяа нь Хуягааг үндсэн зээлийг хугацаа хэтрүүлж төлсөн, зээлийн хүүг дутуу төлсөн гэж, зээлийн хүүнд 30.938.356 төгрөг, алдангид 174.225.000 төгрөг, нийт 205.163.356 төгрөг гаргуулахаар хүүг гэрээнд зааснаар, алдангийн хэмжээг хуульд нийцүүлэн 50%-иар тооцож нэхэмжилсэн. Харин Хуягаа шүүхэд тайлбарлахдаа зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, ийм өндөр хүү, алданги төлөхөөр тохироогүй, хожим баримт хэрэгтэй байна гэхэд нь итгэж гарын үсэг зурсан, цар тахалтай холбоотойгоор зээлийн хүүг 5%-иар бууруулж 68.142.952 төгрөг төлөхийг зөвшөөрнө, алданги төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ. 

    дэлгэрэнгүй
  • 2022-09-30 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    Иргэн Дорж нь Банктай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, жилийн 12 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай 112 сая төгрөгийг орон сууц худалдан авахаар зээлж, зээлийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, банк нь зээлийн мөнгөн хөрөнгийг иргэн Доржид шилжүүлж, иргэн Дорж нь уг зээлийн мөнгөөр 2 өрөө орон сууц худалдан авч, худалдан авсан орон сууцаа уг Банкинд барьцаалжээ.
    дэлгэрэнгүй