Шүүхийн шийдвэрийн хураангуй
  • 2024-11-05 Шүүхийн академи

    Нийслэлийн Засаг дарга 2016 оны 3 сарын 25-ны өдрийн захирамжаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд 5 жилийн хугацаатай орон сууц, үйлчилгээний зориулалттай газар эзэмшүүлжээ. Газар эзэмших эрхийн хугацаа 2021 оны 3 сарын 25-ны өдөр дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс үргэлжлүүлэн газар эзэмших хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй байна.
    Гэтэл татварын албанаас 2022, 2023 оны газар эзэмшсэний төлбөрийг төлүүлэхээр төлбөрийн нэхэмжлэлийг хүргүүлжээ. Харин нэхэмжлэгч хуулийн этгээд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газрын төлбөрийн нэхэмжлэлийг буцаан авах тухай хүсэлт гаргасан боловч “Сууц өмчлөгчдийн холбоонд газар эзэмших эрх шилжүүлсэн захирамж гараагүй байх тул газрын төлбөрөөс чөлөөлөгдөхгүй болно” гэх хариуг өгчээ. Иймд нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс газрын эрх зүйн харилцаа дуусгавар болсон тул төлбөр төлөх хууль зүйн үндэслэлгүй хэмээн маргаж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

    дэлгэрэнгүй
  • 2024-11-04

    Шүүгдэгч А нь Б ХХК-ийн нягтлангаар ажилладаг бөгөөд Б ХХК болон Э ХХК, М ХХК нар нь нэг хувьцаа эзэмшигчтэй, холбоо хамаарал бүхий хуулийн этгээдүүд юм. 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Э ХХК-ийн нягтлангаар ажиллаж байхдаа компанийн албан бичгийн бланк дээр захирал С-ийн гарын үсгийг дуурайлган зурж, тус компаниас 6 500 000 төгрөгийн зээл авч, барьцаанд байсан тус компанийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр буцаан шилжүүлэн авсан (1), мөн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Э ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр барьцааны гэрээ байгуулан, зээл авсан зээлдэгч Б-ийн зээлийн төлбөрийг өөрийн данс руу шилжүүлэн авсан (2), мөн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр М ХХК-ийн нягтлангаар ажиллаж байхдаа тус байгууллагын данснаас “сургалтын төлбөрт шилжүүл хэмээн хариуцуулан өгсөн” 20 000 000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авсан (3) үйлдлүүдээр ЭХ-ийн 17 дугаар бүлэгт заасан “Залилах” болон “Завших” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

    дэлгэрэнгүй
  • 2024-11-01 Улсын дээд шүүх

    Иргэн Ц.А нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас иргэн Б.Т-ийн жолоодон явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.А-г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, уг ялыг эдлэх хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байх хязгаарлалт тогтоож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

    Хяналтын шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Ц.А-ийн зорчих эрхийг хязгаарлах бүсийг хэт өргөн хүрээнд тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцээгүй байна гэж дүгнэн, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт орууллаа.

    дэлгэрэнгүй
  • 2024-10-29 Легал дата

     Татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12.3-т заасан буюу “татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах” үүргээ зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 7.3-д “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч компанийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

    Нэхэмжлэгч “... үйл баримтыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар дүгнэсэн” гэж, хариуцагч нараас “... шаардсан баримтыг гаргаж өгөөгүй, шийтгэлийн хуудас хуульд нийцсэн” гэж тус тус маргажээ.

    дэлгэрэнгүй
  • 2024-10-28 Judilogy

    Үйл баримт
    Нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас Сүхбаатар сум руу 21 цагийн үед автомашинтай явж байх үед Хариуцагчийн 8 настай хээлтэй гүү машины урдуур гэнэт гарч ирсэн бөгөөд Нэхэмжлэгч нь Хариуцагчийн хээлтэй гүүг дайрчээ.

    Үндсэн (Жолоочийн) нэхэмжлэл: Нэхэмжлэгчийн зүгээс Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад этгээд дараах үүрэгтэй” гээд “хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх” ёстой байтал Хариуцагч өөрийн өмчлөлийн гүүг хариулаагүйн улмаас гүү дайруулж, Нэхэмжлэгчийн машинд үнэлгээний дүгнэлтээр 3,293,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тус хохирол болон үнэлгээ хийлгүүлсний хөлс 131,000 төгрөг, нийт 3,424,000 төгрөгийг Хариуцагчаас нэхэмжлэв.

    Сөрөг (Малчны) нэхэмжлэл: Харин Хариуцагч нь Нэхэмжлэгч “мал тууж гарах гэсэн анхааруулах тэмдгийг зөрчсөн”, “хөдөлгөөний хурд 50 км/цаг гэсэн тэмдгийг зөрчсөн”,  үзэгдэх орчин харагдаж байгаа нөхцөлд зам дээр гарч ирсэн адууг мөргөлгүй зогсоох боломжтой байсан бөгөөд хувийн өмчийг хайхрамжгүйгээсээ болж дайрч устгасан тул дайруулсан 8 настай хээлтэй гүүний үнэд 800,000 төгрөг, тухайн үед Нэхэмжлэгчийн эвдэрсэн автомашиныг Улаанбаатар хот хүртэл өөрийн зардлаар тээвэрлэж өгсөн 1,500,000 төгрөг, нийт 2,300,000 төгрөгийг Нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргав. 

    Шинжээчийн дүгнэлт: Осол болох үед Цагдаагийн газраас томилсон шинжээчийн дүгнэлт болон хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр Жолооч тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, харин Малчин Замын хөдөлгөөний дүрэмд заасан “хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх” үүргээ зөрчсөний улмаас осол гарсан гэв.

    дэлгэрэнгүй
  • 2024-10-24 Шүүхийн академи

    Чөлөөт бүсээс хувийн хэрэглээний зориулалтаар бус худалдан борлуулах, ашиг олох зорилгоор архи, тамхины зүйлийг оруулж ирж байгааг зохицуулахаар  Гаалийн ерөнхий газрын даргын  2022 оны А/350, А/351 дүгээр тушаалаар “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн улсын хилээр нэвтрүүлэх журам”, “Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам”-д тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх тушаалын дагуу хилээр байнга орж, гардаг эсэхээс үл хамааран зорчигч бүр хувийн хэрэглээний архи, тамхийг хилээр нэвтрүүлэхдээ татвар төлөх үр дагавар үүссэн нь захиргааны хэм хэмжээний акт гарсан зорилгодоо нийцээгүй гэж маргасан.

    Тодруулбал, нэр бүхий 12 компаниас дээрх нэмэлт, өөрчлөлтийн улмаас нэхэмжлэгч аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж, алдагдалтай ажиллахад хүрсэн нь нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн. Хуулийн хэм хэмжээг давсан зохицуулалт бий болгож, хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон хэм хэмжээ тогтоосон хэмээн маргасан юм. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааныг анхан шатны журмаар хянан, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Улсын дээд шүүх давж заалдах журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэв.

    дэлгэрэнгүй
  • 2024-10-23 Judilogy

    Эх Т.Р нь 2009.12.25-ны өдөр төрсөн, охин Т.Т-ийн нэр дээр 2011.09.28-ны өдөр “Х” ХХК-ийн салбарт “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хүүхдийн хадгаламж нээлгэсэн. Улмаар Т.Р нь 2018.11.06-ны өдөр “Х” ХХК-ийн салбараас Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээний дагуу 18,000,000 төгрөгийг зээлж авахдаа дээрх “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хүүхдийн хадгаламжийг барьцаалсан. Гэвч Т.Р нь 2019.05.01-ний өдөр, түүний нөхөр 2019.04.28-ны өдөр зуурдаар нас барсан. “Х” ХХК-ийн салбараас зээлдэгч Т.Р-ийн хадгаламж барьцаалж авсан зээл нь 326 хоногоор хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж түүний охин Т.Т-ийн “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хадгаламжийн  данснаас 2019.09.28-ний өдөр 21.249.500 төгрөгийг суутгаж зээлийг төлүүлсэн байна. 

    Улмаар Т.Т-ийн хууль ёсны асран хамгаалагч болох Х.Т нь хариуцагч “Х” ХХК-ийн салбарт холбогдуулан бага насны Т.Т-ийн хадгаламжийн данснаас зөвшөөрөлгүй суутгаж авсан 21,249,500 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлдэгч Т.Р болон “Х” ХХК-ийн салбарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үндсэн зээл болон хүүгийн хамт нийт 34,975,798.65 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2022/01061 дугаартай тогтоолоор шийдвэрлэхдээ “Х” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбараас 21,249,500 төгрөгийг гаргуулан Т.Т-д буцаан олгожээ. 

    Иймд одоогийн маргааны хүрээнд нэхэмжлэгч Х.Т нь “Х” ХХК-ийн салбарт холбогдуулан 11,981,134.26 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ, “...хариуцагч нь Т.Т-гийн Боловсрол хүүхдийн ирээдүй хадгаламжийн данснаас 21,249,500 төгрөг авч түүний эх Т.Р-гийн зээлийн төлбөр төлүүлсэн нь хууль бус байсныг өмнө нь шүүхийн шийдвэрээр тогтоож, уг мөнгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд хадгаламжаас мөнгө авсан 2019.09.28-ны өдрөөс уг мөнгийг буцаан төлсөн 2023.03.09-ний өдөр хүртэлх хугацааны хадгаламжийн хүү аваагүй тул хохирлыг гаргуулж Т.Т-д олгоно уу” гэснийг хариуцагч эс зөвшөөрч, “...Т.Р-гийн зээлийн гэрээний хугацаа нь 2019.09.27-ны өдөр дууссанаар энэхүү барьцааны зүйлээс 21,249,500 төгрөгийг суутгасан боловч шүүхийн шийдвэрээр буцаан олгуулахаар шийдвэрлэсний дагуу банк мөнгийг төлсөн. Хүүхдүүдийн асран хамгаалагч Х.Т хадгаламжийн хамтран эзэмшигчийн хувьд гэрээг 2019.12.09-ний өдөр гэрээг цуцалж, үлдэгдэл мөнгийг авснаар гэрээ дуусгавар болсон тул уг хугацаанаас хойш хүү шаардах эрхгүй...” гэж маргажээ.

    дэлгэрэнгүй
  • 2024-10-17 Шүүхийн академи

    Нэхэмжлэгч хуулийн этгээд нь өөрийн өмчлөлийн орон сууцны зориулалттай 185 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх замаар ашиг олдог. Хариуцагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс тус 185 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөд 2016-2020 оны хооронд 6,910,369,842.56 төгрөгийн албан татвар ногдуулсан ба нэхэмжлэгчээс холбогдох татварыг төлсөн. Гэвч УИХ-аас Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль (2000 он)-ийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад2 2021 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, үл хөдлөх эд хөрөнгийн тоо заагаагүй байсныг зөвхөн тодорхой тооны орон сууц үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр хуульчилсан.
    Үүний дагуу нэхэмжлэгч хуулийн этгээд хариуцагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2016-2020 оны хооронд ногдуулсан татварыг хууль бус гэж үзэж, мөн онд төлсөн татварын дүнгээр ирээдүйд төлөх татвараас суутган тооцуулах, алдангийг буцаан олгуулах, 185 үл хөдлөх эд хөрөнгийг татвараас чөлөөлөгдөх эд хөрөнгө мөн болохыг тогтоолгохоор маргасан.

    дэлгэрэнгүй
  • 2024-10-14 Judilogy

    Шүүгдэгч Г-н танил Э түүнтэй 2020 оны 3 дугаар сард холбогдоод “Цүнхтэй арьс байгаа, хадгалчих газар байна уу?” гэж асууснаар тэд мөн өдөр уулзаж Г-н хамаатны дүү Т-нд тус арьсыг хадгалахаар болжээ. Э нь тус арьсыг олсон гэж мэдүүлсэн бөгөөд хүрэн баавгайн түүхий эд болох арьс, толгойг Э болон Г нар нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт **** улсын дугаартай авто машинаар тээвэрлэсэн, улмаар Т-тэй ярьж, тэдний очин 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр гудамжны ** тоотод хадгалж, хүрээлэн буй орчинд 6,500,000 /Зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн бодит хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

    дэлгэрэнгүй
  • 2024-10-10 Шүүхийн академи

    Нэхэмжлэгч нь Зуучлалын байгууллагатай Австрали Улсад суралцуулах гэрээ байгуулж, тус улсад хэлний бэлтгэлд 1 жилийн хугацаатай суралцуулах, зөвлөх үйлчилгээний төлбөрт 20,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. Харин Австрали Улсын Дотоод хэргийн яам оюутны виз олгохоос татгалзсан хариу өгсний улмаас нэхэмжлэгч хохирсон гэж үзэн учирсан хохиролд 24,163,729 төгрөгийг Зуучлалын байгууллагаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч талаас суралцагч хуурамч материал бүрдүүлэн өгснөөс болж визээ авч чадаагүй тул Зуучлалын гэрээнд зааснаар бид зөвлөх үйлчилгээний төлбөрийг буцаан олгох боломжгүй гэж тус тус маргасан.

    дэлгэрэнгүй
  • 2024-10-08 Шүүхийн академи

    Шүүгдэгч Д.Э нь 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт хүнсний дэлгүүр, бар, караоке, дэн буудлын үйл ажиллагаа явуулдаг “У” ХХК-ийн ebarimt.mn цахим төлбөрийн баримтын системд нэвтрэх нэр, нууц үгийг олж аван, хууль бусаар нэвтэрч 27.670.580 төгрөгийн борлуулалтын дүн бүхий 41 ширхэг баримтыг хуурамчаар нэмж оруулан хуулийн этгээдэд 2.767.058 төгрөгийн татварын өр үүсгэж, 553.430 төгрөгийн буцаан олголтыг өөрийн дансаар дамжуулан авчээ. 

    дэлгэрэнгүй
  • 2024-10-07 Judilogy

    Нэхэмжлэгч татан буугдах хүсэлт гаргасантай холбоотойгоор Хариуцагч нараас Нэхэмжлэгч компанид татварын иж бүрэн шалгалт хийжээ.
    Нэхэмжлэгч нь Хонконгийн хуулийн дагуу үүсэн байгуулагдсан Li компанитай байгуулсан франчайзийн гэрээнийхээ дагуу тус компанийн данс руу 2018 онд 449,837,276.40 төгрөг, 2019 онд 361,619,913.40 төгрөгийн эрхийн шимтгэлийн төлбөрт шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч нь ийнхүү төлбөр шилжүүлэхдээ Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд 1991 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан Татварыг давхардуулж оногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр (“БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Давхар татварын хэлэлцээр”)-ний холбогдох заалтыг үндэслэн тус шилжүүлсэн дүнгээс 10 хувиар тооцон татвар суутган төлсөн байна. 
    Хариуцагч нар нь шалгалт хийж, Хонконг бол хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл нь БНХАУ-аас тусдаа, өөрийн татварын хууль тогтоомжтой, улс орнуудтай давхар татварын гэрээ байгуулдаг тул БНМАУ-ын Засгийн газар, БНМАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээр үйлчлэхгүй тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн (2006 оны) 17.2.9-д заасны дагуу 20 хувиар тооцож татвар төлөх ёстой байсан гэж үзэж, тухайн зөрчилд нь холбогдуулж нийт 121,771,955 төгрөгийн төлбөр (нөхөн татвар, торгууль, алданги) ногдуулжээ.
    Үүнийг Нэхэмжлэгч эс зөвшөөрч тус татварын нөхөн ногдуулалтын актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргав.

    дэлгэрэнгүй
  • 2024-10-04 Шүүхийн академи

    Ц.Д нь Х.Г-тай маргалдаж, улмаар түүний хэвлий хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөх үйлдлээр нойр булчирхайн урагдал, задрал, их сэмжний урагдал, задрал, хэвлийн хөндийн цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан;

    Ц.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Б-ын нүүрэн тус газарт нь шалтгаангүйгээр хоёр удаа өшиглөж 4 дүгээр шүдний хүзүүний хугарал, доод уруулын дотор салстын язрал, цус хуралт, баруун өвдөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогдсон. 

    дэлгэрэнгүй
  • 2024-09-30 Judilogy

    Эх Т.Р нь 2009.12.25-ны өдөр төрсөн, охин Т.Т-ийн нэр дээр 2011.09.28-ны өдөр “Х” ХХК-ийн салбарт “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хүүхдийн хадгаламж нээлгэсэн. Уг дэвтрийн гүйлгээ болон банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд тус хуримтлал нь төрөөс хүүхдэд олгож буй “Хүүхдийн мөнгө” буюу дөрвөн хүүхдэд төрөөс сар бүр олгодог 20,000 төгрөгөөс бүрдсэн байна. 

    Улмаар Т.Т-ийн эх Т.Р нь 2018.11.06-ны өдөр “Х” ХХК-ийн салбараас Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээний дагуу 18,000,000 төгрөгийг зээлж авахдаа дээрх “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хүүхдийн хадгаламжийг барьцаалсан ба гэрээний хугацааг 2019.09.27-ны өдөр дуусахаар заажээ. Түүнчлэн гэрээний 1.2.4-т  “...гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зүйл нь зээлдэгчийн хугацаат хадгаламж дахь түүний өмчлөлийн мөнгөн хөрөнгө байна” гэж заасан ба барьцаалуулж буй хадгаламжийн дүн 20,081,223.79 төгрөг байв.

    Зээлдэгч Т.Р нь 2019.05.01-ний өдөр, түүний нөхөр Х.Т нь 2019.04.28-ны өдөр зуурдаар нас барж, тэдний 1-10 насны бүтэн өнчин дөрвөн хүүхдийн хууль ёсны асран хамгаалагчаар ах нь болох Х.Т (нэхэмжлэгч)-г тогтоосон. 

    “Х” ХХК-ийн салбараас зээлдэгч Т.Р-ийн хадгаламж барьцаалж авсан зээл нь 326 хоногоор хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж түүний охин Т.Т-ийн “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хадгаламжийн  данснаас 2019.09.28-ний өдөр 21.249.500 төгрөгийг суутгаж зээлийг төлүүлсэн байна. 

    Улмаар хууль ёсны асран хамгаалагч болох Х.Т нь хариуцагч “Х” ХХК-ийн салбарт холбогдуулан бага насны бүтэн өнчин Т.Т-ийн хадгаламжийн данснаас зөвшөөрөлгүй суутгаж авсан 21,249,500 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлдэгч Т.Р болон “Х” ХХК-ийн салбарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үндсэн зээл болон хүүгийн хамт нийт 34,975,798.65 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

    дэлгэрэнгүй
  • 2024-09-27 Шүүхийн академи

    Шүүгдэгчид нь 2019 оны 10 дугаар сараас эхлэн 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, ховор ургамлын жагсаалтад багтсан “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэгт холбогджээ.

    дэлгэрэнгүй