Шүүхийн шийдвэрийн хураангуй
  • 2025-03-17 Judilogy

    Гуравдагч этгээд МУИС нь анх 1942 онд үүсгэн байгуулагдаж, Боловсролын сайдын 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 476 дугаар тушаалаар Үндэсний их сургууль статустай болж, 2006 онд хуулийн этгээдийн бүртгэлд Монгол Улсын Их Сургууль нэрээр улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Оюуны өмчийн газарт хандан MNU болон МUIS гэсэн үгэн тэмдэгтүүдэд эрхийн хамгаалалт хийлгэхээр 12278, 12279 дугаартай мэдүүлгийг гаргасан байна. Харин нэхэмжлэгч МҮИС нь анх 1998 онд анх “Чандмань-Эрдэнэ” нэртэй үүсгэн байгуулагдсан коллеж нь 2002 онд  “Монголын үндэсний коллеж” нэртэй болсон, 2004 онд тус коллеж нь “дээд сургууль”-ийн ангилалд орсон тул “Монголын үндэсний дээд сургууль” гэж нэрээ өөрчилсөн, 2012 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар “Монголын үндэсний дээд сургууль”-ийг “их сургуулийн ангилал”-д хамааруулахаар шийдвэрлэж, 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр тусгай зөвшөөрөл олгосон байна. Улмаар МҮИС НҮТББ нь 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр болон 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрүүдэд Оюуны өмчийн газарт хандан MNU тэмдэгтэд эрхийн хамгаалалт хийлгэхээр, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Оюуны өмчийн газарт хандан MNU, MUIS  тэмдэгтүүдэд эрхийн хамгаалалт хийлгэхээр, мөн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр эрхийн хамгаалалт хийлгэхээр тус тус мэдүүлгийг гаргасан боловч Оюуны өмчийн газраас татгалзаж шийдвэрлэж байжээ. Иймд МҮИС НҮТББ-иас МУИС-ийн барааны тэмдгийн гэрчилгээ, бүртгэлийг тус тус хүчингүй болгуулахаар дээрх нэхэмжлэлийг гаргажээ.

    дэлгэрэнгүй
  • 2025-03-13 Judilogy

    Дуучин Т нь 2017 онд Театрын даргатай харилцан тохиролцож тухайн үед Театрт тоглогдохоор төлөвлөгдсөн байсан жүжгийн туслах дүрд тоглох зорилгоор нэгэн уртын дууг дуулж, Театрын дуу бичлэгийн студид бичлэг хийлгүүлж байсан боловч тухайн жүжгийн туслах дүрд тоглоогүй байна. 2022 онд Дуучин Т stream үйлчилгээнд байшуулсан Театрын жүжгийг үзэж байх үедээ тухайн жүжгийн туслах дүр нь ам барин дуулж, өөрийнх нь дуулсан бичлэгийг ардаа тоглуулсан байгааг олж мэджээ. Ингээд Дуучин Т-ын дуулсан бичлэгийг тоглолтод ашигласан нь Зохиогчийн эрхийн тухай хууль (2021)-ийн 28.1.1-т “тоглолтондоо нэрээ дурдуулах”, 28.2.4-т “тоглолтын бичлэг, эсхүл түүний хуулбарыг нийтэд түгээх” эрхийг тус тус зөрчсөн гэж дүгнэн Зөрчлийн тухай хуулийн 8.3.1-т “Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар  олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ... хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу Театрыг 5,000,000 төгрөгөөр торгожээ. Ийнхүү торгосон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Театр маргав.


    дэлгэрэнгүй
  • 2025-03-10 Judilogy

    Нэхэмжлэгч нь барилгын материал авах зорилгоор бизнесийнхээ 68,000,000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлсэн байв. Энэ үед түүний 12 нас 4 сартай хүү нь аавынхаа банкны аппликейшнаар нэвтэрч 58,885,500 төгрөгийг хэд хэдэн этгээдэд шилжүүлсэн байв. Бусдад шилжүүлсэн мөнгөний дийлэнх хэсгийг буюу 35,138,605 төгрөгийг Хариуцагч Г гэх хүнд PUBG Mobile тоглоомынхоо дансыг цэнэглүүлэх зорилгоор шилжүүлжээ. Хариуцагч миний бие урамшуулал хэлбэрээр авсан 5,060,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Харин UС худалдан авахаар шилжүүлсэн 30,078,605 төгрөгийн хувьд үүнд дүйцэхүйц UС-ээр хүүгийн тоглоомын хаягийг цэнэглэсэн, энэ мөнгийг би өөрөө аваагүй олон улсын Midasbuy сайт руу шилжүүлсэн" гэж маргасан.


    дэлгэрэнгүй
  • 2025-02-26 Judilogy

    Хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг “Г” ХК-тай 2016.06.27-ны өдөр байгуулсан ипотекийн зээлийн хөрөнгөөр худалдан авсан. Уг зээлийг 2047.09.27-ны өдөр хүртэл сар бүр төгрөг 493,823 төгрөгөөр төлж дуусгах хуваарьтай ба хуваарийн дагуу хариуцагч зээлийг төлж байгаа.

    Тус орон сууцыг хариуцагч нь нэхэмжлэгчид 96,211,500 төгрөгөөр худалдахаар тохиролцож, талууд 2020.06.09-ний өдөр гэрээг бичгээр байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчид орон сууцны үнэд нийт 36,250,000 төлсөн. Хариуцагч орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн боловч гэрээнээс татгалзаж байгаа үндэслэлээр 2022.05.31-ний өдөр эзэмшилдээ буцаан авсан.

    Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Хариуцагч нь 2021.09 сард орох оронгүй болчихлоо байрыг чөлөөлж өг гэхэд нь би татгалзсан ба 5 хүний хамт хүч хэрэглэн гэрт байсан бүх тавилга, эд хогшлыг коридорт гаргасан. Гэрээ хүчин төгөлдөр ба гэрээний үүргээ зөрчөөгүй байхад ийнхүү орон сууцыг буцаан авсныг хууль бус гэж үзэж байна. Эвдэлсэн тавилгын хохирол 1,375,000 төгрөг, үнэлгээний төлбөр 80,000 төгрөгийг гаргуулна.

    Хариуцагчийн хариу татгалзал: Нэхэмжлэгчид ковидын нөхцөл байдлаас болоод зээл төлөлтийг хойшлуулж өгөөч гэхээр нь зөвшөөрсөн. Би нэхэмжлэгчид өөрөө орох оронгүй болчихлоо, нэг хүнтэй хэлцэл хийсэн нь бүтэхгүй болчихлоо гэж зөндөө хэлсэн. Эд хогшил эвдсэн зүйл байхгүй. Одоо би банкинд зээлээ төлж байгаа. Гэрээ хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй. Учир нь зээлээр худалдан авах гэрээ бол эргэн төлөх графиктай байх, нотариатчаар гэрчлүүлэх ёстой. 2016 онд “Г” ХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу банкны зөвшөөрөлгүй бусадтай гэрээ байгуулсан тул нэхэмжлэгчийг эзэмшигч гэж үзэхгүй, өмчлөгч нь би бөгөөд барьцаалагч нь банк. Нэхэмжлэгч нь орон сууцыг хүнд түрээслүүлснээс оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж гомдол гарсан.

    дэлгэрэнгүй
  • 2025-02-18 Шүүхийн академи

    Х.С нь О.Х-д холбогдуулан 10.530.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “...Би өөрийн охин С.Н-ийн дансанд 68.000.000 төгрөг байршуулж, уг мөнгөөр барилгын материал цуглуулах гэж байсан. Гэтэл 2023.04.19-ний өдөр 13 настай хүү С.Т миний утсыг ашиглаж С.Н-ийн данснаас 58.885.500 төгрөгийг цахим тоглоом ажиллуулдаг гэх хүмүүс рүү шилжүүлсэн байсан. Цагдаагийн байгууллагад тэр даруй мэдэгдсэн боловч прокуророос гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хаасан. С.Т нь 13 настай буюу Иргэний хуулийн 17 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээд бөгөөд түүний 49.881.105 төгрөгөөр цахим тоглоом худалдан авсан хэлцэл нь хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцэлд хамаарахгүй. Миний бие С.Т-ийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд мөнгөний эзэн тул О.Х-д шилжүүлсэн 10.530.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагыг иргэний хэргийн шүүхэд гаргажээ.

    дэлгэрэнгүй
  • 2025-02-14 Judilogy

    Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа  Иймд “Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай “М” ХХК-ийн Хятад талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ашиг төлөх гэрээ”-ний дагуу “М” ХХК болон түүний хувьцаа эзэмшигч Т.Н, Б.А нараас 370,000 ам.доллар буюу 1,052,494,600 төгрөг гаргуулах, “М” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх болон гүйцэтгэх захирал Б.А-ийн бүрэн эрх тус тус дуусгавар болсныг тогтоолгох, “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахыг тус компанид даалгах, “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Б”-ийн нэр “Б” болж өөрчлөгдсөнийг компанийн дүрэмд өөрчлөлт оруулан тусгаж, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гаргах, дүрэмд орсон өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг “М” ХХК болон хувьцаа эзэмшигч Т.Н, Б.А нарт даалгах гэж тус тус тодорхойлсон, хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...2012.10.27-ны өдрийн “Монгол-Хятадын хамтарсан “М” ХХК-ийн Хятадын талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ашгийг төлөх гэрээ”-ийн 3-т заасны дагуу 370,000 ам.доллар буюу 1,052,494,600 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй юм. ...“М” ХХК-ийн дүрмийн 6-р зүйлийн 6.1-д “Компанийн эрх барих дээд байгууллага нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар “хувьцаа эзэмшигчдийн хурал” байна гэж баталгаажуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлага нь урьдчилж компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэгдэх ёстой асуудал юм. “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь хамгийн сүүлд 2017 онд Хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж чадаагүй шалтгаан нь Хятадын хөрөнгө оруулагч нар нь дахин Монгол улсад ирээгүй, утсаар болон мэйлээр харьцах боломжгүй, ямар ч сураггүй байсантай холбоотой..., Хятадын талын хөрөнгө оруулалтаар орж ирсэн үйлдвэрийн тоног төхөөрөмж нь стандартын бус, эвдрэл гэмтэл ихтэй байсан тул Монголд ирсэн цагаас нь хойш байнгын өндөр өртгөөр засвар үйлчилгээ хийгдэж төлөвлөгдөөгүй зардлууд их гарсны дээр Монгол Улсад үүссэн санхүүгийн хямрал, адил төрлийн үйлдвэрүүд хэд хэдээр байгуулагдснаас бараа бүтээгдэхүүний борлуулалт муудаж, компани ашиггүй ажилласан. ... Татварын актаар тогтоогдсон төлбөрийг төлж барагдуулсан зэрэг санхүүгийн хүндрэлтэй асуудлууд үүсч хувьцаа эзэмшигч нарын ногдол ашгийн асуудлыг шийдвэрлэх ямар ч боломжгүй явсаар ирсэн. Энэ асуудлыг тухай бүрт нь Хятадын талын хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагч нарт мэдэгдэж, компанийн нөхцөл байдлыг танилцуулж байсан” гэж маргасан.

    дэлгэрэнгүй
  • 2025-03-11 Шүүхийн академи

    Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч нь дээрх шаардлагаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагыг зөвшөөрч, харин гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрөн маргажээ.

    дэлгэрэнгүй
  • 2025-02-22 Шүүхийн академи

    Нэхэмжлэгчээс хариуцагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт холбогдуулан бага насны бүтэн өнчин Т.Т-ийн хадгаламжийн данснаас зөвшөөрөлгүй суутгаж авсан 21,249,500 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлдэгч Т, Х  нарын 2018.03.02-ны өдрийн ЗГ/10604 тоот, 2018.04.13-ны өдрийн ЗГ/10510 тоот, 2019.02.28-ны өдрийн ЗГ/01 тоот зээлийн гэрээний үндсэн зээл, түүнд бодогдсон хүүгийн нийлбэр болох 34,975,798.65 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

    дэлгэрэнгүй
  • 2025-02-19 Шүүхийн академи

    Нэхэмжлэгч А, Б нар нь хариуцагч Ц-д холбогдуулан түрээсийн байрны засан сайжруулалтын  зардалд  16,066,571  төгрөг  гаргуулах  нэхэмжлэл гаргасан үндэслэлээ “... Ц-тэй 2021.01.07-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж *** хаягт байрлах талбайг түрээсэлсэн. 2021.02.05-ны өдөр түрээсийн байрны засвар дуусаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байтал Ц түрээсийн төлбөр хэсэгчлэн төлөх боломж олголгүй 2021 оны 12 сараас түрээсийн байрнаас гарахыг шаардсан. Түрээсийн байр анх засваргүй, өрөө тасалгаагүй байсныг 5 өрөөтэй, тохижилт сайтай болгон засварласан” гэж тайлбарласан. Хариуцагчаас үүнийг эс зөвшөөрч “... Түрээсийн гэрээнд “Түрээслэгч нь өөрсдийн үйл ажиллагаанд зориулан хийгдсэн нэмэлт тохижилт сайжруулалтын аливаа ажлаа өөрсдийн зардлаар хийх бөгөөд эдгээр бараа материалын үнэ ажлын хөлсийг түрээслүүлэгчээс нэхэмжлэн авах эрхгүй” гэж, мөн “Түрээслэгч нь түрээсийн хугацаа дууссан болон түрээсийн гэрээг цуцалмагц өөрсдийн үйл ажиллагаанд зориулан өөрчилсөн түрээсийн байрны эд хөрөнгийг анх байсны дагуу хүлээлцэж, үүнтэй холбогдон гарсан зардлыг өөрсдөө хариуцан түрээсийн төлбөрт суутгаж тооцохгүй, мөн түрээслүүлэгчээс нэхэмжлэн авах эрхгүй” хэмээн заасан.” гэж тус тус маргажээ.

    дэлгэрэнгүй
  • 2025-02-17 Шүүхийн академи

    Нэхэмжлэгч нь 2006 онд гарааш худалдан авчээ. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны шийдвэрээр “нэхэмжлэгчийн эзэмшлийн 13 м.кв талбай бүхий гараашны газарт газар эзэмших захирамж гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах тухай” шаардлагыг хангасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны магадлалаар хэвээр үлдээж, хуулийн хүчин төгөлдөр болжээ. Шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2012 онд Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчид дээр дурдсан 13 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэх эрхийг олгож, улсын бүртгэлийн байгууллага гараашийг 2012 онд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгожээ. Газар эзэмших эрхийн хугацаа 2017 онд дуусгавар болох үед Нийслэлийн Засаг дарга холбогдох захирамжаар нэхэмжлэгчийн дээрх газрын эзэмших эрхийг 15 жил байхаар сунган, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэж, газар эзэмших эрхийн гэрчилгээг дахин олгосон байна.
    Гэвч Нийслэлийн Засаг дарга 2022 оны захирамжаараа “нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх” байршлуудыг хавсралтаар баталсан ба уг захирамжид нэхэмжлэгчийн гараашны газар багтжээ.

    Иймд нэхэмжлэгчээс “... хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, хууль ёсны зөвшөөрлийн дагуу эзэмшиж байсан, газрын тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй, эрх бүхий байгууллагаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй гараашны газрыг үндэслэлгүйгээр үгүйсгэж, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн” гэж, хариуцагчаас “ ... иргэний газар эзэмших эрх дуусгавар болоход иргэн уг газрыг чөлөөлөх үүрэгтэй, маргаан бүхий захирамж үндэслэл бүхий захиргааны акт болно” хэмээн тус тус маргажээ.

    дэлгэрэнгүй
  • 2025-02-14 Шүүхийн академи

    Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж эсрэг урсгалд хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж улмаар өөрийн жолоодож байсан тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан 4 настай төрсөн охиныхоо эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    дэлгэрэнгүй
  • 2025-02-13 Шүүхийн академи

    Шүүгдэгч Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон “Хужиртын даваа”-г уруудаж яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн А, Г нарын амь насыг хохироосон мөн Д-гийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    дэлгэрэнгүй
  • 2025-02-12 Шүүхийн академи

    Шүүгдэгч нь худалдааны төв дотор хохирогчийн гээгдүүлсэн ... банкны цахим картыг олж, тус картыг АТМ-д уншуулан өөрийн данс руу 2,300,000 төгрөгийг шилжүүлэн авсан хэрэгт холбогджээ.

    дэлгэрэнгүй
  • 2025-02-11 Шүүхийн академи

    Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг халуун усны газарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч хохирогчийг түлхэн унагаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хууль (2015)-ийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

    дэлгэрэнгүй
  • 2025-02-10 Шүүхийн академи

    1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгууль 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болж, Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багт Ардчилсан Намаас 8, Монгол Ардын Намаас 8 нэр дэвшигч оролцжээ. Монгол Ардын Намаас нэр дэвшигч нарыг сонгогчдын олонхийн санал авсан гэж үзэн Завхан аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтаар сумын Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон байна.
    2. Нэхэмжлэгч нар нь Монгол Ардын Намаас нэр дэвшигч нарыг сонгуулийн санал хураалтын үеэр хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж, сонгогчдын саналыг татах зорилгоор сонгуулийн сурталчилгааг зөвшөөрснөөс бусад хугацаанд явуулсаны улмаас сонгуулийн дүнд нөлөөлсөн гэж үзэж 05 дугаар тогтоолын Монгол Ардын Намын 8 нэр дэвшигчдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн сонгуулийн дүнг хүчингүй болгуулах, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг Өгөөмөр багт дахин явуулахыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэл гаргасан.
    3. Мөн Завхан аймгийн Алдархаан сумын Монгол Ардын Намын дарга нь Улаанбаатар хотоос 45 оюутныг үнэгүй тээвэрлэсэн ба уг үйлдэлд зөрчлийн хэрэг үүсгэж, хэргийг Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16 дахь хэсгийн 16.1-т заасан “... аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон төлбөргүйгээр үзүүлсэн’’ гэх зөрчил гаргасан болохыг тогтоож, түүнд хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн байна.
    4. Автобусаар ирсэн оюутнуудын 8 оюутан нь Алдархаан сумын Өгөөмөр багт сонгуулийн санал өгсөн бөгөөд хэдийгээр дээрх зөрчлийн хэргээр уг захиргааны хэргийн нэр бүхий гуравдагч этгээд нартай холбоотойгоор зөрчлийг шалгаж тогтоогоогүй хэдий ч тэдэнтэй хамаарал бүхий Алдархаан сумын Монгол Ардын Намын даргын үйлдлийг шалган тогтоож, түүний хууль бус үйлдлээр сонгуулийн дүнд нөлөөлөхүйц тооны иргэд үнэ төлбөргүй үйлчилгээ авсны үндсэн дээр Алдархаан сумын Өгөөмөр багт сонгуулийн санал өгсөн үйл баримт нь маргаан бүхий Сонгуулийн хорооны шийдвэр хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх хангалттай үндэслэл болно. Иймд анхан шатны шүүхээс буруу дүгнэсэн гэж маргасан.
    5. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
    6. Нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан.

    дэлгэрэнгүй